Антарктик дээрх озоны цоорхойн хэмжээ огцом тэлж байна

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-07 16:21:28

ЖЕНЕВ. /TASS/. Антарктик дээрх озоны цоорхой сүүлийн жилүүдэд хамгийн том хэмжээндээ хүрч тэлсэн хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын албан ёсны төлөөлөгч Клэр Нюллис Женев хотод болсон бага хурлын үеэр мэдэгджээ.


Энэ оны наймдугаар сард озоны цоорхойн хэмжээ огцом томорч, аравдугаар сарын эхээр хамгийн дээд хэмжээндээ буюу 24 сая хавтгай дөрвөлжин км-д хүрчээ. Одоогоор энэ нь бүх Антарктидийг хамарч байгаа бөгөөд 23 сая хавтгай дөрвөлжин км гэдэг нь сүүлийн 10 жилийн дундаж утгыг давж байгаа юм. Антарктик дээрх озоны давхаргын зузаан жилээс жилд өөрчлөгдөж байдгийг Нюллис сануулан дурджээ. Одоогийн нөхцөл байдал нь 2018 оны үеийнхтэй төстэй байгаа аж. Харин өмнөх онд энэ цоорхой эсрэгээрээ тун жижигхэн байжээ.


Агаар мандал дахь озоны агууламжтай холбоотой үйл явц нь озоны давхаргыг гэмтээдэг химийн бодис ялгаруулахыг хориглосон Монреалийн протоколыг хэрэгжүүлсээр байхыг харуулж байна хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын алба үзэж байна. Хоригийг хэрэгжүүлж эхэлснээс хойш озоны давхарга аажмаар сэргэж, озоны цоорхойг хамрах хүрээ багасах хандлага ажиглагдсаныг өгөгдлүүд тодорхой харуулж байна гэж Нюллис ярьсан байна. 

Холбоотой мэдээ