Гавьяат эмчийг “Өвөрхангай аймгийн алдартан” медалиар шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Д.Нямхүү эмчийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Монгол Улсын гавьяат эмч” хэмээх цолоор шагнасан. Үүнтэй уялдуулан түүнийг аймгийн ИТХ-аас “Өвөрхангай аймгийн алдартан” медалиар шагнан урамшууллаа.
Гавьяат эмч Д.Нямхүү нь аймгийн БОЭТ-д 43 жил ажиллаж, энэ хугацаанд чих хамар хоолой, эрүү, нүүр, нүдний тасгийг анх байгуулан хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад нөр их хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ зориулсан юм. Түүний аав н.Дамба Өвөрхангай аймгаас төрөн гарсан анхны гавьяат эмч бол гэргий Л.Цэндсүрэн нь аймгийн БОЭТ-д 40-өөд жил ажиллаж, уламжлалт эмчилгээг үүсгэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
“Өвөрхангай аймгийн алдартан” медалиар аймгийн эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, хариуцсан салбар, эрхэлсэн ажил, амжилт бүтээлээрээ улс, аймаг, салбарын түвшинд ардаршсан иргэнийг шагнан урамшуулдаг аж.