Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-20 16:38:03

УИХ-ын чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас Ганхуягийн Шийлэгдамбыг чөлөөлж, түүний оронд Самбуугийн Ламбааг томилох тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан үзэж Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр С.Ламбааг ЭМС-ын сайдад томилуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Улмаар байнгын хороо уг томилгоог дэмжин УИХ өнөөдөр хэлэлцсэн бөгөөд үдээс өмнө АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан. Завсарлага дууссаны дараа асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд гишүүд үлдэж буй нэг сарын хугацаанд юу хийх, энэ салбарын өнөөгийн байдалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа талаар асуухын сацуу гол нь салбарын ажлыг тогтвортой байлгах, салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд түүний дотор эхийн эндэгдлийн асуудал, улаан бурхан өвчний тархалтыг бууруулах, сэргийлэх, салбарын ажилчдын нийгмийн асуудал, удирдлага, менежментэд анхаарах зэргийг чухалчилж байлаа. 

С.Ламбаа "Өмнө нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх тухайлбал, оношилгоо, эмчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай журмыг боловсруулж гаргах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд анхааран ажиллана" гэдгийг гишүүдэд илэрхийлж байв. 

Харин ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийг давхар хашиж байсан Шадар сайд Ц.Оюунбаатар "Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт ямар нэг доголдол гараагүй. Дэлхий дахинд дэгдсэн улаанбурхан өвчинтэй цаг наргүй тэмцсэн. Боловсон хүчинтэй холбоотой бүх асуудал энэ яаманд зогссон. Тендерийн будлиан асуудал ч цэгцэрсэн. Эмч нартай холбоотой хуулийн заалтад бид анхаарал хандуулж, Үндсэн хуулийн цэцэд тавих гэж байгаа" гэдгийг онцлон хэллээ. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувийн саналаар С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилж, Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ