АНУ-ын Хууль зүйн сайд өөрийгөө тусгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-05 09:28:40

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусний халдвар илэрсний дараа хэсэг хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэм сахихаар болсон тухай түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Керри Кьюпек мэдээлжээ.


Түүний хэлснээр, Барр "яг одоо" хорио цээрийн дэглэм сахиж байгаа боловч удахгүй үүрэгт ажилдаа эргэж орох бодолтой байна. Тэрбээр долоо хоногийн дундуур ажилдаа орохоор төлөвлөж байгаа аж.


АНУ-ын Ерөнхийлөгчид коронавирусний халдвар оношлогдсоноос хойш Барр дөрвөн удаа шинжилгээ өгсөн бөгөөд ням гарагт дахин шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарчээ.


Трамп өнгөрөгч баасан гарагт шилжих шөнө өөрт нь болон гэргий Меланьяд нь коронавирус илэрсэн тухай “Twitter” хуудсандаа мэдээлсэн билээ. АНУ-ын төрийн тэргүүн баасан гаргийн орой Мэриленд муж улсын Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн анагаах ухааны төвд хүргэгджээ. Урьдчилан сэргийлэх үүднээс Трамп ойрын хэдэн өдрийг уг эмнэлэгт өнгөрүүлж, эндээс үргэлжлүүлэн ажиллана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинэни мэдээлжээ. Эмнэлэг рүү нисэхийнхээ өмнө Америкийн удирдагч “Twitter” хуудсандаа дүрс бичлэг нийтэлж, Меланья болон түүний бие сайн байгааг мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ