Малчид хэрэгцээт хадлангийн тал хувийг бэлтгээд байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-03 19:22:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн хоногуудад нэлээд хэмжээний хур тунадас, цас орж, шөнөдөө жиндүүхэн болж байна. Хүйтний ам наашилж байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал, үржлийн албаны дарга М.Жавзандолгороос тодрууллаа.

- Аймгийн хэмжээнд малчид 111.2 мянган тонн хадлан бэлтгэнэ. Одоогийн байдлаар хэрэгцээт өвсний 50,0 орчим хувийг нөөцлөөд байна. Бид өвөлжих малынхаа тоонд тохируулаад хэдий хэмжээний өвс бэлтгэх талаар даалгавар гаргаж сумдад үүрэг чиглэл өгсөн. Зарим сум даалгаврыг давуулан биелүүлээд байна. Өмнө зүгийн буюу тал хээрийн суманд хадлангийн ургац тааруухан байгаагаас өвс бэлтгэх ажил тааруухан байгаа. Үүнийг анхаарч өвс тэжээл нөөцлөх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Нэг боодол өвс зах зээл дээр 7000-10000 төгрөгийн үнэтэй байна. Малчдад хямдхан хүрэлцэхүйц хэмжээний өвс бэлтгүүлэхэд анхаарч ажиллалаа.

Зуншлага оройтож болсон учраас малын тарга хүч тааруу, бэлчээрийн ургац муу, хадлангийн ургац тачир байгаа гэх мэт хүндрэлүүд бий.

-Өмнө зүгийн суманд өвлийн отор тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ талаар ямар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна юэ?

- Урд бүсийн суманд өөр аймгийн малчид малтайгаа отор хийж орж ирсэн байна. Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг суманд аймгаас ажлын хэсэг ажиллаж байна. Отор нүүдлийн асуудлыг зохицуулах, арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Отрын хувьд бэлчээрийн даацад тохирсон мал хүлээж авахгүй бол болохгүй байгаа юм. Өнгөрсөн хавар манай аймгийн үндсэн малчдын мал тарга тэвээрэг муутай тааруухан онд орсон. Гэтэл отроор ирсэн малчдын мал тарга тэвээрэгтэй онд орж, жилбэтэй төллөж, төл сайн авах хандлага байгаа. Оторлоно гэдэг бэлчээрийн аль сайхан газрыг сонгон нүүдэллэдэг учир малдаа сайн. Харин өөрийн нутгийн бэлчээрээ талхлуулсан нутгийн мал идэш муутай хаврын хавсарганы ая даахгүй болж үлддэг. Үүн дээр манай сум, орон нутгийнхан дүгнэлт хийж зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Цаашид отрын асуудлыг яаж шийдэж ажиллах талаар ХХААХҮЯ-нд санал хүсэлтээ тавьж байна.

Энэ сарын дундуур мал аж ахуйн өвөлжитийн  бэлтгэлийг шалган хүлээн авч, малын тарга хүч ямар байгааг газар дээр нь үзэж дүгнэлт хийнэ гэв. 

Холбоотой мэдээ