АНУ-ын Засгийн газрыг түр санхүүжүүлэх хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-01 10:53:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын Засгийн газрыг 12 дугаар сарын 11 хүртэл түр санхүүжүүлэх тухай хуулийн төслийг лхагва гарагт баталжээ.


Хуулийн уг төслийг Сенатын танхимын гишүүдийн 84 нь дэмжсэн бол 10 гишүүн эсэргүүцсэн байна.


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэхүү баримт бичгийг өнгөрсөн долоо хоногийн эхээр баталсан юм. Одоо хуулийн төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.


2020 оны санхүүгийн жил АНУ-д есдүгээр сарын 30-нд дуусаж байгаа учир дээрх хуулийн төслийг 10 дугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой юм. Хэрэв 2021 оны төсөв батлагдахгүй бол тус улсын Засгийн газар түр зогсолт хийхэд хүрнэ. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-нд АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, 35 хоног үргэлжилсэн билээ. Тухайн үед тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5 тэрбум гаруй ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм.


Холбоотой мэдээ