Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хурал хойшлов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-01 09:40:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал хойшлогдов.

 

Шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагт товлогдсон байсан ч шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан “...шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул энэ сарын 20-ноос хойш товлож өгнө үү...” гэх хүсэлт, мөн бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг ирэх сарын 28-ны 10 цагт товлов.

 

Хэргийг сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.

 

 

 

Холбоотой мэдээ