Ахмад дайчин Н.Пүрэвжалбад “Алтан гадас” одон гардуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-29 22:02:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 111 дүгээр зарлигаар ахмад дайчин Н.Пүрэвжалбыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар гардуулж өглөө.

Тус аймгийн Дэрэн сумын харьяат Н.Пүрэвжалба нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан 800 гаруй ахмад дайчдын нэг юм. 

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчин Н.Пүрэвжалбад төрийн дээд шагналаар ийнхүү шагнасны дээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүнд “Бахархал-Хүндэтгэл” илгээжээ.

Тус илгээлтэд улс орныхоо хувь заяаг мөрөн дээрээ өргөж, 1945 оны чөлөөлөх дайны ялалтад мятаршгүй зориг, цуцашгүй зүтгэлээр үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, энх цагийг авчирсанд талархал илэрхийлсэн байна.

Мөн аймгийн Засаг даргын 2020 оны А/244 дугаар захирамжаар ахмад дайчин Н.Пүрэвжалбад хүндэтгэл үзүүлэн, нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. 

Холбоотой мэдээ