УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.20 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Хэлэлцэх асуудлыг батлахын өмнө Ө.Энхтүвшин гишүүн “Томоохон хуулиудыг хугацаа давчуу энэ үед халтуурдаж, ор нэр төдий хэлэлцэж батлах гээд байна. Улсын бодлого, төлөвлөгөөний талаарх нэн шаардлагатай хуулиудыг л хэлэлцээд бусдыг нь хойшлуулбал яасан юм бэ” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Тайлбар хэлмээр байна. Энэ жагсаалтад орж буй хуулиуд жижиг хуулиудыг л байгаа. Гадаад харилцааны хууль бол том хууль учир энэ чуулганы хугацаанд зөвхөн хэлэлцэх эсэх нь шийдэгдэх байх. Харин Худалдааны хуулийг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Том хуулиудыг цаг давчуу үед шахаад байгаа зүйл байхгүй” гэж хариуллаа.
Мөн Г.Уянга гишүүн “Сентерра гоулд” ХХК-ийн Капла нарт Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлсэн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүссэн ч байнгын хороо чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн учир хэлэлцэх боломжгүй гэж УИХ-ын дарга хэллээ.
Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаа баталсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлэв. Тодруулбал ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг чөлөөлж, С.Ламбааг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Н.Туяа