"Соёлын цаг"-Дундговь аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-26 22:23:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, соёл урлагийн салбарын байгууллагууд хамтран “Соёлын цаг” нөлөөллийн үйл ажиллагааг энэ сарын 24-нд аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Соёлын яамнаас “Танай суманд-Таны дэргэд“ уриатайгаар орон даяар хэрэгжүүлж буй "Соёлын цаг" аянаар иргэдэд тус салбарын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах зорилготой юм.

“Соёлын цаг”-аар аймгийн ЗДТГ, БСУГ, Төв халхын дуулалт жүжгийн театр, С.Буянэмэхийн нэрэмжит төв номын сан, аймгийн Музей, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулан, үзэсгэлэн гаргаж, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авьяаслаг багачууд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн тоглолт боллоо.  

Мөн энэ үеэр аймгийн Төв номын сангаас төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан “Номын буланг моод болгоё” цахим уралдааныг дүгнэн, байгууллага дээрээ тохилог номын булан байгуулж, бусад байгууллагаа хошуучилсан ОБГ, Сайнцагаан сумын наймдугаар цэцэрлэгийн хамт олонд шагнал гардуулсан юм. 

Холбоотой мэдээ