Улсын сайн малчных төлөө 100 хувь хүлээж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-19 15:56:22

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Улсын сайн малчин С.Гомбынх энэ өвөл онд мэнд, тарган тавтай орсон байна.

Тус сумын нутаг Хайстын шилээс урагшаа оршдог хоёр баг тарган гарсан бол нэг багийн хаваржилт тааруу гарчээ. Иймээс Улсын сайн малчин С.Гомбо санаачлага гаргаж аймаг, улсын фондноос ирсэн тусламжийн өвсийг зуданд өртсөн багийнхаа малчдад олгуулсан байна.

“Одоогоор Наранбулаг суманд бага зэрэг салхи шуургатай байна. Гэхдээ өвс ногоо сайхан гарах төлөвтэй. Манайх төлөө 100 хувь хүлээж авсан. Том малын зүй бусын хорогдол огт гараагүй. Энэ хавар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан сайхан хавар болж байна” хэмээн Улсын сайн малчин С.Гомбо онцоллоо.

Тэрбээр цааш нь: “Юу гэж жил бүр зутаад байхав. Энэ зун хур бороо элбэгтэй, сайхан жил болох төлөвтэй байна” гэсэн юм.

Эднийх 2000 орчим малтай бөгөөд ямаагаа самнаж ноолуурынхаа хагасыг тушаасан аж. Ойрын өдрүүдэд ноолуурын ханш унасан тул үлдсэн ноолуураа зараагүй байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ