Эрдэнэцагаан сумын гал унтраах ангийн алба хаагчид тангарагаа өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 15:40:46

Монгол Улсын Засгийн Газар, Онцгой байдлын ерөнхий газрын шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гал унтраах 47-р анги байгуулагдаж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус ангид алба хаах 20 гаруй гал сөнөөгчид сургалтанд хамрагдаж төгсөөд ирсэн. Тэд, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гамшгийн ямар ч нөхцөлд ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг сахин хамгаалахаа эх орон, хамт олныхоо өмнө батлан тангараглалаа.

Эрдэнэцагаан сумын гал унтраах 47-р анги нь ганц Эрдэнэцагаан сум бус Монгол орныхоо зүүн өмнөд хязгаарын бүс нутгийг хамгаалах юм. Гал унтраах 47-р ангийн хувьд 20 гаруй аврагч, гал сөнөөгчтэй. Диспетчер болон салаан даргууд суралцаж байгаа, 6 сар гаргаад төгсөж ирнэ. Ингээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Техник хэрэгслээр бүрэн хангагджээ.

“Онцгой байдлын алба гэдэг бол хүссэн болгон л орж, хүссэн болгон нь амжилт гаргаад байдаг алба биш. Дэлхийн 3 хүн мэргэжлийн нэг бол аврагч, гал сөнөөгч байдаг. Тиймээс энэ хүнд бөгөөд нэр төртэй албыг сонгон орж ирж, үе үеийн гал сөнөөгчид, аврагчидтайгаа хөл нийлүүлэн алхах шинэ алба хаагчиддаа албандаа хурдан дасч, мэргэжлийн урч дадвара дээшлүүлж богино хугацаанд чадварлаг албан хаагч болох хэрэгтэй” гэдгийг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т. Энхбаатар хэллээ.

Сүхбаатар аймгийн ОБГ-т 2015 онд мөн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах салбарыг байгуулсан. Ингэснээр тус аймгийн ОБГ нь 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж зүүн бүсдээ хүчин чадал өндөртэй алба болж өргөжиж байгаа юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ