Багдадад "Лалын улс"-тай тэмцэх мэдээллийн төв байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-27 12:48:22

МОСКВА. /TASS/. Орос, Сири, Иран болон Иракийн эрх баригчид “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцлийг зохицуулах зорилгоор  Багдад хотод мэдээллийн төв байгуулжээ. Энэ тухай цэргийн дипломат эх сурвалж мэдээлсэн байна.

“Мэдээллийн төв амжилттай үйл ажиллагаа явуулснаар “Лалын улс”-ын эсрэг тэмцэж байгаа дээрх дөрвөн орны Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн үйл ажиллагааг төлөвлөх зорилгоор тус төвд үндэслэн зохицуулах хороо байгуулах нөхцөл удахгүй бүрдэнэ” гэж эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн онцлон дурдсанаар, Багдадад байгуулж буй төвд Орос, Сири, Иран, Иракийн ерөнхий штабын төлөөлөгчид ажиллана. “Тус төвийн гол үйл ажиллагаа нь Ойрхи Дорнодын бүс нутагт “Лалын улс”-тай холбоотой мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг дээр дурдсан орнуудын ерөнхий штабууд руу түргэн шуурхай дамжуулах юм” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалжийн хэлснээр, мэдээллийн төвийг дөрвөн орны Зэвсэгт хүчний офицерууд гурван сараар ээлжлэн тэргүүлэх аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд