Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-18 21:13:58

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"  баталсан байдаг. 

Энэхүү журмын дагуу Ховд аймагт “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо" байгуулжээ. Төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурал есдүгээр сарын 17-ны өдөр болов. 

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөгжүүлэх чиглэлд 2020 онд Ховд аймгийн хэмжээнд нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор баталжээ.  

Үүнтэй холбогдуулан дээрх журмын дагуу шаардлага хангасан 12 төслийн талаар хэлэлцлээ. Үүнд хүлэмжийн аж ахуй эрхлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн, чацаргана боловсруулах төсөл зонхилж байв.  

Энэ удаагийн хурлын үр дүнг аймгийн Засаг даргад танилцуулах ба холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлэх юм.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн жил банкаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгжид олгож байжээ. Тэгвэл энэ жил “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас олгох юм.

Ховд аймгийн тухайд өнгөрсөн жил Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд 21 төсөл хамрагдаж, 874.5 сая төгрөгийн зээл авчээ. Мөн “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хүрээнд 13 иргэн, аж ахуйн нэгжид 403 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон аж. Ингээд 110 ажлын байрыг хадгалж, шинээр 175 ажлын байр бий болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.    

Холбоотой мэдээ