Бамбар-Эрдэнэ хувилгаан төрөлх Баян сумандаа морилон ирж, сүсэгтэн олонд ном айлдлаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-17 13:43:17

Төв /МОНЦАМЭ. Намрын тэргүүн хөх бичин сарын шинийн 29-ний билэгт сайн өдөр Бамбар-Эрдэнэ хувилгаан төрөлх Баян сумандаа морилон ирж, сүсэгтэн олонд ном айлдлаа.


Энэхүү номын айлтгалд "Эх нутгийн иргэд" ТББ-ын тэргүүн Миеэгомбын Энхболд оролцож, Бамбар-Эрдэнэ хувилгааныг өөрийнх нь "Сандагдаржаалин" хийдийн өндөр сэнтийд нь залж, тус хийдийг хүлээлгэн өгч, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Мөн Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Хүний гавьяат эмч Ч.Цэдэн-Иш, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамбын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ, Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Амгалан, Монгол Улсын Манлай уяач Х.Цогтсайхан нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцож, нутгийн иргэд, сүсэгтэн олны хамт ном хурлаа.


Их шавийн долоон хутагтын нэг Бамбар-Эрдэнийн V дүрийн хувилгаан Авгаан-Лувсандондов Төв аймгийн Авдарбаян сумын Цагаанчулуут /Одоогийн Баян сум/ гэдэг газар уг хийдийг анх үүсгэн байгуулсан түүхтэй юм. 

Байгуулсан цагаасаа хойш 100 гаруй жил бурхан шашны буяны үйл ажиллагаа явуулж байгаад 1937 оны 12 дугаар сард хаагдсан бөгөөд тухай үедээ 146 лам хуврагтай байсан гэж түүхэнд бичигдэн үлдсэн байна.


Энэхүү хийдийн үйл ажиллагааг "Эх нутгийн иргэд" ТББ-ын тэргүүн М.Энхболдын эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, Баян сумын нутгийн иргэдийн хамтаар 2008 онд сэргээн босгож, нутаг усныхаа сүсэгтэн олонд буян үйлдэж, XVII жарны шороон хулгана жилийн намрын дунд сарын шинийн 7-ны билэгт сайн өдөр үүд хаалгаа дахин нээж байсан юм. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлин хийдийн хамба Д.Чойжамц, Хүүхэн хутагт О.Тагарва, Бурханч лам Г.Пүрэвбат нарын эрхэм хүмүүс "Сандагдаржаалин" хийдийн нээлтэд оролцож байсан түүхтэй аж. 

Холбоотой мэдээ