Өвлийг өнөтэй давахын тулд малчдадаа уриалга хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-16 18:44:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг 2020-2021 оны мал аж ахуйн өвөлжилт хаваржилтад зориулж тусгай хамгаалалттай газар, нутаг, хилийн зурвасаас хадлан бэлтгүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын Засаг дарга нарын хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд малчид 16,8 мянган тонн хадлан, 266,9 тонн гар тэжээлийг бэлтгэж аюулгүйн нөөц бүрдүүлэхээр тусгагджээ. Энэ өвлийг өнөтэй давах, хаврыг хохирол багатай давахын тулд малчид одоогоос хадлан тэжээлээ нөөцөлж бэлтгэх нь чухал юм. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр аймгийн Засаг дарга уриалга гаргасан. Энэхүү уриалгыг 24 сумын 88 багийн 8921 малчинд хүргүүлсэн байгаа. Аймаг, сум төлөвлөсөн үүргийнхээ дагуу өвс тэжээлийн татан авалт, бэлтгэлийг базааж аюулгүйн нөөцөө бүрдүүлнэ. Гэсэн хэдий ч малчид өөрсдийн санаачилгаар өвлийн бэлтгэлийг дор бүрнээ базаах нь чухал юм гэж малчин бүрд уриалга хүргүүлсэн. Уриалгад энэ жил эрт өвөл болж, хүйтрэх төлөвтэй байгаа тул намрын налгар өдрүүдэд өвлийн бэлтгэлээ базаах. Малчин хашаа саравч, өвөлжөөгөө тохижуулах, дулаалах. Отор нүүдэл хийж хужирлах замаар мал сүрэгтээ намрын тарга хүч авхуулах, тарга хүчийг нь тогтоох. Гар тэжээл бэлтгэх уламжлалт аргуудыг ашиглан малын тэжээлийг бэлтгэн нөөцлөх. Цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс тэжээлийг одоогоос бэлтгэж нөөцлөх, малчин бүр хадлан авах. Мал сүргийнхээ бүтцэд анхаарч зах зээлд борлуулах. Малынхаа тоог тодорхойлж сум, багтайгаа хамтран борлуулах арга хэмжээг авахыг тус тус уриалжээ. Ер нь энэ өвлийг өнтэй давахын тулд малчин бүртэйгээ хамтран ажиллана. Уриалгын дагуу аймгийн хэмжээнд ахмад малчдын туршлага, уламжлалт аргуудыг багтаасан “Гар тэжээл бэлтгэх гарын авлага”-ыг боловсруулан бүх малчдадаа хүргүүлсэн гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ