БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нутаг буцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-16 16:26:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсоор айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 13.30 цагт нутаг буцлаа.


Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, хоёр орны харилцаа  хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнээс гадна Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн.


Албан ёсны хэлэлцээгээр "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах,  хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаар болсон. Мөн Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.


Мөн үеэр  “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцов. Түүнчлэн Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.


Ташрамд дурдахад, энэ удаагийн айлчлал нь дэлхий нийтэд "COVID-19"-ийн цар тахал дэгдээд буй онцгой үед болсон тул халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон хамт ирсэн төлөөлөгчидтэй уулзсан, тэдэнд үйлчилсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах болсон юм. Уг зохицуулалтын дагаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон холбогдох албаны хүмүүс, үйлчилгээний ажилтнууд өнөөдрөөс 14 хоногийн тусгаарлалтад орж байна. Харин Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад бараалхахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, 3 метрийн зай барьсан тул тэднийг тусгаарлахгүй аж.

Холбоотой мэдээ