“Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт “Ардын
билэг зүйн аман зохиол”-ын
цахим уралдаан болно.
Ховд аймагт урианхай,
дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, казах зэрэг 13 угсаатан аж төрж
байна. Эдгээр угсаатны аж байдал, өв уламжлал, хэл аялгуу, соёл, ёс
заншил, сэтгэлгээ давтагдашгүй өөр өнгө төрхтэй.
Иймд “Эх хэлний
өдөр”-ийг тохиолдуулан олон
угсаатны бүлгийн хэл аялгуу, аман зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах,
түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулах, алдаршуулах, соёлын өвийн санд
хадгалан хамгаалах зорилго бүхий
"Ардын билэг зүйн аман зохиол"-ын цахим
уралдаан зохион байгуулах гэж байна.
Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
хурал, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,
Хөгжимт драмын театр, Номын
сан, Музей, сумдын Соёлын
төв хамтран ажиллах юм.
Цахим уралдаан нь соёлын үнэт зүйлийг бий болгох, сурталчлан таниулах, хүртэх, эзэмших, хадгалан хамгаалах
орчин нөхцөл бий болгож, хүүхэд, залуу үеийг оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон
төлөвшүүлэхэд чухал ач тустай. Тиймээс орон нутгийн иргэд, хөдөлмөрчид тус уралдаанд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав.
Оролцогчид угсаатны хэл, соёл, ёс заншил, амьдралын хэв маяг,
зан үйл, нутгийн аялга, дуудлагыг тодотгон харуулсан харилцан яриа, өгүүлэмж, ардын
дунд түгсэн аман зохиол, түргэн хэллэг, хошин яриа зэргийг зохиомжлон
жүжигчилсэн тоглолт хийх учиртай.
Оролцогчдын бэлтгэсэн дүрс бичлэгийг
2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр дотор S.Altangerel1215@gmail.com цахим
хаягаар хүлээн авч,
бүртгэнэ.
Улмаар хяналтын комисс чанарын шаардлага хангасан бичлэгийг
есдүгээр сарын 21-28-нд “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал” гэх цахим
хуудсанд байршуулж, шалгаруулалт хийх юм.
Үүнд тавигдах
шаардлага гэвэл дүрс бичлэгийн
үргэлжлэх хугацаа нь 3-5 минут байна. Мөн дуу, дүрс өндөр нягтаршилтай байх аж.
Ингээд тусгай шалгуур үзүүлэлт, мэргэжлийн шүүгчдийн нэгдсэн дүнгээр байр эзлүүлнэ. Тэргүүн
байрт өргөмжлөл, 400 мянган төгрөг олгоно. Харин дэд байрт 300 мянга,
гуравдугаар байрт 200 мянга, тусгай байрт 100 мянган төгрөг тус тус олгохоор
төлөвлөжээ.