Бахрейн, Израил дипломат харилцаа тогтоохоор боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-12 10:29:32

ВАШИНГТОН. /TASS/. Бахрейны Хаант Улс болон Израил улс АНУ-ын зуучлалтайгаар дипломат харилцаа тогтоох тохиролцоонд хүрчээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд баасан гарагт нийтлэгдсэн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.


“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Бахрейны хаан шейх Хамад бен Иса Аль Халифа, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар утсаар ярих үеэрээ Израил, Бахрейны хооронд дипломат харилцаа тогтоохоор тохиролцлоо. Энэ бол Ойрхи Дорнодод цаашид энх тайван тогтоох түүхэн үйл явдал юм” гэж баримт бичигт дуржээ.


Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, есдүгээр сарын 15-нд Цагаан ордонд болох Израил, АНЭУ-ын харилцааг бүрэн хэвийн болгох тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцох Дональд Трампын урилгыг Бахрейны Хаант Улс хүлээн авчээ. Энэхүү ёслолын үеэр мөн Биньямин Нетаньяху, Бахрейны Гадаад хэргийн сайд Абдель Латиф аз-Заяни нар найрамдлын түүхэн тунхаглалд гарын үсэг зурах аж.


Бахрейны угсаа залгамжлах хунтайж Сальман бен Хамад бен Иса Аль Халифа ирэх долоо хоногт Вашингтонд айлчилна гэж мэдээллийн “Axios” цахим хуудсанд урьд нь мэдээлжээ. Тус цахим хуудсанд мэдээлж буйгаар, сүүлийн хоёр долоо хоногт АНУ Бахрейнд АНЭУ-ын жишээг дагахад нөлөөлсөн байна.  


Холбоотой мэдээ