Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-11 20:51:37

Ховд /МОНЦАМЭ/. “Бэлчээрийн доройтлыг бууруулж менежментийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт энэ сарын 11-ний өдөр Ховд аймагт болов.

Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм. Тэд бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар харилцан туршлага солилцсоноороо онцлогтой.

Бэлчээрийн даац багтаамжийг тогтоох нэгдсэн аргачлалыг өнгөрсөн 2019 оны наймдугаар сард мэргэжлийн байгууллагууд баталсан байдаг. Иймд сургалтын хүрээнд тус аргачлалын дагуу байгалийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, эрүүл, аюүлгүй бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулахад анхаарах зүйлсийн талаар хэлэлцэв.  

Мөн холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, төлбөр авах эрх зүйн орчин бүрдүүлэх боломжийн талаар танилцууллаа.

Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулах газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл зэрэг байгууллага хамтран ажиллажээ.  

Холбоотой мэдээ