Сүга Либерал Ардчилсан намын даргын өрсөлдөөнд тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Японы Сайд
нарын танхимын дарга Сүга Ёшихидэ эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын суудлын
төлөөх өрсөлдөөнд тэргүүлж байгааг “NHK” сувгаас
явуулсан асуулгын дүн харуулжээ.
ЛАН-ын
даргын сонгуульд ялсан хүн Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авах бөгөөд уг сонгуульд
Сүга Ёшихидэ, ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, ЛАН-ын
бодлогын асуудал хариуцсан дарга Кишида Фүмио нар өрсөлдөж байгаа юм.
Сонгуулийн
ялагч 535 саналаар тодорно. Тэдгээр саналын 394-ийг намын хууль тогтоогчид, үлдсэн
саналыг 47 мужийн төлөөлөл өгөх юм. “NHK” сувгийн асуулгын дүнгээс үзэхэд, ЛАН-ын хууль
тогтоогчдын 70 гаруй хувь нь Сүга Ёшихидэд санал өгөхөөр төлөвлөж байгаагаа
илэрхийлжээ.
Сайд нарын танхимын даргын хувьд таван фракцын
дэмжлэгийг аваад байгаагийн дунд Шадар сайд бөгөөд Сангийн сайд Асо Таро,
ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихирогийн тэргүүлсэн фракцууд
багтаж байгаа ажээ. Мөн тэрбээр фракцгүй олон хууль тогтоогч болон орон нутгийн
төлөөллүүдийн дэмжлэгийг авах төлөвтэй байна.
Ишиба Шигэрү, Кишида Фүмио нарын хувьд өөрсдийн фракцын болон бусад хууль тогтоогчийн дэмжлэгийг авсан гэж "NHK" суваг мэдээлжээ. Санал хураалт ирэх долоо хоногийн даваа гарагт болно.