Хятад, Энэтхэг маргаантай бүсэд цэргээ төвлөрүүлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-10 15:23:51

ШИНЭ ДЕЛИ. /Hindustan Times/. БНХАУ болон Энэтхэг зүүн Ладакх муж дахь хяналтын шугамд цэргүүдээ дахин байрлуулж байгаа бөгөөд хилийн энэ хэсэгт цэргийн хурцадмал байдал үргэлжилсээр байна гэж “Hindustan Times” сонин Энэтхэгийн цэргийн эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


“Хятад улс Ладакх болон тус мужтай хил залгаа бүс нутгуудад 50 мянган цэрэг, танк, их буу, 150 сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем төвлөрүүлсэн. Энэтхэгийн Зэвсэгт хүчин ижил байдлаар хариу арга хэмжээ авч байна" гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.


Тэдний хэлснээр, Пангонг-Цо нуурын бүс нутагт байдал хурцадмал, тогтворгүй хэвээр байгаа бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ 5 мянгаас 7 мянга хүртэлх цэргийн албан хаагч, 20 хүртэлх танк нуурын орчимд төвлөрчээ. Энэтхэгийн цэргүүд өмнө нь Хятадын бүрэн хяналтад байсан нуурын хойд эрэг дээрх өндөрлөгийг есдүгээр сарын 6-нд шилжих шөнө эзлэн авсны дараа Энэтхэг, Хятадын цэргүүд одоо ердөө 200 метрийн зайтай байгаа аж. Сүүлийн өдрүүдэд ХАЧА-ийн цэргүүд Пангонг-Цо нуурын хойд хэсгийг хяналтдаа авахыг хэд хэдэн удаа оролдсон ч амжилтгүй болжээ.


"Ладакхт цэргийн сөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд Энэтхэг улс гэнэтийн нөхцөл байдал, үйл явдлын цаашдын өрнөлд бэлэн байна" гэж эх сурвалжууд цохон хэлжээ. Үүний зэрэгцээ тэд Ладакхын байдлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Холбоотой мэдээ