Ш.Адьшаа: Ховд аймгийн төвийн агаарын бохирдол зарим тохиолдолд Улаанбаатар хотынхоос давдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-09 12:07:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлгийн ахлагч Ш.Адьшаа өнөөдөр Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд буюу “МоЭнКо” компанийн удирдлагуудтай уулзав.


“МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод хайгуул, ашиглалтын чиглэлээр ажилладаг аж.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, сайжруулсан түлшээр баруун бүс нутгийг хангах асуудлаар санал солилцож буйг тэмдэглэлээ. Мөн Ховд аймгийн төвийн агаарын бохирдол зарим тохиолдолд Улаанбаатар хотынхоос давдгийг тэмдэглээд, нийслэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Таван толгой түлш" компанийн салбарыг орон нутагт нээх нь агаарын бохирдолтой тэмцэх хувилбар хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Ховд аймаг давсан орлогоосоо хоёр тэрбум төгрөгийг сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад зарцуулах боломжтойг тэрбээр энэ үеэр онцлов.  


“МоЭнКо” ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг Ховд аймаг, “МоЭнКо” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд шахмал түлшний үйлдвэр байгуулах заалт орсон гээд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлыг компани бүрэн дэмжиж, хамтран ажиллах бололцоотойг хэлэв.


Уулзалтаар мөн Хөшөөтийн чулуун нүүрсний ордын нөөц, нүүрсний чанарын талаар хөндөн ярилцаж, цаашид уг ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлаар УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, УУХҮЯ зэрэг холбогдох талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээ