Сумдын номын санд 1.800.000 төгрөгийн номын хандивыг хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-08 18:30:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас "Аз хур" ХХК-тай хамтран "Номын баяр-2020" үйл ажиллагааг зохион байгууллаа. 


“Номын баярын нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар аймгийн Нийтийн номын сангийн захирал Э.Оюунгэрэл нар оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хэрэгжилтийг ханган биелүүлэх, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, цахим ертөнц дэх номын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгууллаа хэмээн Нийтийн номын сангаас мэдээлэв.

Иргэд номын баярт хүрэлцэн ирж “Аз хур” ХХК-ийн 72 хүртэлх хувийн хөнгөлөлттэй номын худалдаагаар үйлчлүүлснээс гадна Нийтийн номын сангийн шинэ болон ховор номын үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Түүнчлэн мөн үеэр “Аз хур” ХХК-аас Говь-Алтай аймгийн 18 сумын номын санд тус бүр 100,000 төгрөгийн үнэ бүхий нийт 1.800.000 төгрөгийн номын хандивыг хүлээлгэж өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.


Холбоотой мэдээ