Ургац хураалтын урьдчилсан төлөв

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-09-08 17:32:03

Улаанбаатар /МОНЦАМЭ. Улсын хэмжээнд 2020 онд 394.6 мянган га-д үр тариа тарьжээ. Үр тариа дотроо тосны, тэжээлийн ургамал гээд задарна. Тэднийг ач холбогдлоор нь, тарьсан талбайн хэмжээгээр нь авч үзэж болно. Аль ч өнцгөөс харсан улаанбуудай онцгой байр суурь эзэлдэг. Улаанбуудайг энэ жил 364 мянган га-д тарьжээ. Улаанбуудайн тарьсан талбай (343 мянга)-г 2019 оныхтой харьцуулж үзвэл 21 мянган га-гаар нэмсэн байна. Тарьсан талбайн хэмжээг нэмсэн тул хураан авах ургац бас өснө. Энэ жил 487 мянга 600 тн улаанбуудай хураан авах урьдчилсан тооцоо гарсан гэж ХХААХҮЯ мэдээлсэн юм. Урьдчилан тооцох нэг хэрэг. Харин хураан авах гэж том ажил бий.


Монгол улс атар газар эзэмшиж эхлээд 60 жил болсон. Энэ нь түүнээс өмнө тариа тарьж байгаагүй гэсэн үг биш. Харин атар газар эзэмшсэн гэх цаг тооны бичиг бүх нийтийн үйл болгон өрнүүсэн 1959 оноос эхлэх юм. Түүнээс өмнө манай улсад 21 сангийн аж ахуй (САА) ажиллаж, газар тариалан эрхлэж байсан юм билээ. Гэхдээ л бүх нийтээр 1959 оноос атар газар эзэмшсэн гэх нэгдсэн ойлголт бий болжээ. Ийм түүхэн туршлага тариаланчдад байгаа тул цаг агаарын онцгой нөхцөл гараагүй тохиолдолд тэд тариагаа алдагдалгүй хураагаад авах биз.


Хураан авсан улаанбуудайг үрэнд нөөцлөх, гурилын үйлдвэрт тушаах гээд хоёр ангилна. Улсын бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангахад 308 мянган тн улаанбуудай шаардлагатай аж. Урьдчилсан байдлаар тогтсон ургацыг алдагдалгүй хурааж авахад гурилын үйлдвэрүүдийн түүхий эдийг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тайлбар хийсэн байна. Үр тарианаас тарьсан талбайн хэмжээгээрээ улаанбуудайны дараа тосны ургамал 61 мянган га-д, малын тэжээл 52 мянган га-д тарьжээ. Эдгээр талбайгаас 32.8 мянган тн тосны, 109.4 мянган тн малын тэжээл хураан авах урьдчилсан тооцоо гаргаад байна. Үр тариаг аж ахуйн нэгжээс гадна иргэд хувиараа тариалах явдал бий. Тэр бүхэн энд багтсан байгаа. Харин одоо ургацаа алдагдалгүй хураан авах л үлдлээ.


Төмс 18 мянга 600 га талбайд энэ жил тарьжээ. Төмс тарьсан талбайн хэмжээг 2019 оныхтой харьцуулж үзэхэд дөрвөн мянга орчим (14мянга 800) га- гаар өсжээ. 2019 онд урьдчилсан байдлаар төмс 187 мянган тн-ыг хураан авна гэж тооцсон байсан. Гэтэл түүнээс давж 192 мянган тн төмс хураан авсан байдаг. Энэ байдлаас харвал 2020 онд  урьдчилан тогтсон 237 мянган тн-оос төмс давуулж хураах магадалтай.  Хүнсний ногоог 2020 онд 9 мянга 600 га-д тарьжээ. Тарьсан талбайн хэмжээг 2019 оныхтой харьцуулахад мянга гаруй (8 мянга 438.4) га-гаар өсжээ. Харин 2019 онд 99 мянга 546 тн хүнсний ногоо хураан авсан байна. Энэ жил тарьсан талбай өссөн болохоор хураан авах хүнсний ногооны хэмжээ өсөх нь тодорхой. Төмс, хүнсний ногоог, үр тарианы нэгэн адил өрхийн ногоочид тарьдаг юм билээ. Тухайлбал, 2019 оны өрхийн хүнсний ногооны тариалалтын тоо баримтуудыг эргэн харъя.


Улсын хэмжээнд хүнсний ногоо тарьдаг 14 мянга 728 өрхтэй гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) аймаг, нийслэл, сум, дүүрэг баг, хороо тус бүрээр нь гаргажээ. Нийслэлд  мянга 369 өрх хүнсний ногоо тарьдаг юм байна. Тэгвэл Дархан (Дархан- уул аймаг) хотод хамгийн олон буюу  гурван мянга 312 өрх хүнсний ногоо тарьдаг гэсэн мэдээлэл байна. Улаанбаатар хотоос Дархан бол хүн ам, өрхийн тоогоор хамаагүй цөөн. Гэтэл хүнсний ногоо тарьдаг өрхийн тоогоороо нийслэлийг ардаа орхисон байх жишээтэй. Зах зээлийн хувьд ч нийслэл Дархан-Уулыг дагуулахгүй. Гэвч дарханчууд хүнсний ногоо тарих өрхийн тоогоор улсын хэмжээнд толгой цохиж явна. Өрхийн ногоочид 2019 онд зургаан мянга 677 га талбайд хүнсний ногоо тарьж,  76 мянга 613 тн хүнсний ногоо хураан авсан байх жишээтэй. Улсын хэмжээнд 2019 онд 99 мянга 546 тн хүнсний ногоо хураан авсан байна. Хүнсний ногооны тарьсан талбай, хураасан ногооны 75 хувь (ойролцоогоор)-ийг  өрхийн тариалан эрхлэгчид хураан авсан. Энэ байдал 2020 онд ч давтагдах магадлал өндөр байна.


Энэ оны хаврын тариалалт  “Ковид-19” дэлхий нийтээр тархаж хөл хорио тогтоосон үед болсон. Гэхдээ дотоод нөөц бололцоогоо урьдынхаас илүү дайчлах шаардлага гарсан. Түүнээс үүдэн “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс агро зөвлөмж гаргасан юм. Энэ зөвлөмжийн дагуу газар тариалангийн бүс нутаг дахь иргэд хичээж улаанбуудай, төмс хүнсний ногоо тарих талбайг нэмсэн аж. Тэр хэмжээгээр хураах ургацын хэмжээ өсөх үр дүн гарч байна. ”Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг энэ. Хорио цээрийн дэглэм өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбарт сөрөг нөлөө үзүүлсэн. Гэвч ургац хураалтын урьдчилсан байдлаас харвал хөдөө аж ахуй тэр дундаа газар тариаланд эерэг хандлага болж, үр дүн гарах нааштай тоон үзүүлэлт харагдав гэлтэй.

Холбоотой мэдээ