Цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран олимпын наадам болно гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-07 16:11:18

ТОКИО. /AFP/. Коронавирусний цар тахлын нөхцөл байдал хэрхэхээс үл хамааран Токио хотод олимпын наадам болно хэмээн Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгджээ.


Токиогийн олимп 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахал дэгдсэний улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулсан юм. Тийнхүү тэмцээн 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болохоор болжээ.


Олон улсын олимпын хорооны Токио хотод Олимпын наадмыг зохион байгуулах асуудал хариуцсан зохицуулалтын комиссын дарга Коутс мэдэгдэхдээ, Токиогийн олимпын наадам нь “COVID-19”-г ялж, хонгилын үзүүрт гэрэл асаасан наадам байх болно гэсэн байна.


Ирэх онд зохион байгуулагдах олимпын наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг олимпын наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн 3 үндсэн зарчмыг барих аж. 

Холбоотой мэдээ