Тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-07 16:37:11
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийн нэрэмжит "Зөв монгол хүн" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Хүүхэд залуучуудаар дамжуулан нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох, эрт дээр үеэс уламжлал болон ирсэн өв соёл, ёс заншлаараа бие биеэ хүндэтгэх, эх орон, эх дэлхий, эцэг эхээ хайрлах ухамсрыг бий болгох зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөрт 2 үе шаттай.
Тэтгэлэгт горилогчид "Зөв монгол хүн" /350-450 үгтэй/ эсээ бичих, Баянхонгор аймагт хэрэгжих "Зөв монгол хүн" төсөл бичих /төсөл нь нийгэмд чиглэсэн, сайн үйлсийг бүтээхэд чиглэсэн/ чадвараар нэгдүгээр шатанд өрсөлдөх бол сайн үнэлгээ авсан шилдэг арван эсээ, төслийг шалгаруулж ярилцлага, асуулт, хариултын хэлбэрээр шилдэг гурван оролцогчийг шалгаруулна. Ийнхүү эхний гурван байрт шалгарсан оролцогчдыг Дотоодын их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрөөр урамшуулах аж.
Баянхонгор аймгийн 18-22 насны оюутан залуус оролцох боломжтой тус хөтөлбөрийн хүрээнд 10 дугаар сарын тавны өдөр хүртэл материал хүлээн авч, 10 дугаар сарын 17-нд хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийж, 24-нд уралдааны дүнг танилцуулна.
Цахим болон видео хэлбэрээр илгээх бол zuvmongol@azkhur.mn хаягаар, цаасан хэлбэрээр Улаанбаатар-28, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Нарны зам -27, Шуудангийн хайрцаг – 41, Азхур Номын их дэлгүүрийн байр гэсэн хаягаар илгээх боломжтой.
Холбоотой мэдээ