Хаш лимбэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-04 16:34:31

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн музейд хадгалагдаж буй ховор үзмэрийн нэг хаш лимбийг "Саран хөхөө" дуулалт жүжгийг тоглоход хэрэглэж байсан.

Энэхүү лимбэний урт 68см, жин 480гр, мөнгөн бөгжний урт 4,4см юм. Ногоон  шаргал өнгөтэй хаш чулууг 3 мөнгө, 1 гуулин бөгжөөр бөгжилсөн, 10 нүхтэй, лимбэний голын мөнгөн бүслүүрээс гогцоолсон мөнгөн гархинаас олон өнгийн утсан цацган чимэгтэй, хятад хийцийн хөгжмийн зэмсэг. Хаш лимбийг Ганжирваа ламын дотны анд Халтар сэмбэн гэдэг хүн өөрийн шавь болох Долоон сүм хийдийн унзад лам Чимгийн Дашжамцад галт хар үнэгэн шар торгон гадартай шанам малгай болон бусад зүйлсийн хамт өгсөн байжээ.

Ч.Дашжамц нь хаш лимбийг 1969 он хүртэл үрэгдүүлэлгүй хадгалж байсан ба хүндээр өвчилж өөрийн хүү Зоригоогийн асрамжид байж байгаад Дорноговь аймагт нас барсан байна. Тэрээр ам бүл ганцаараа тул гэрээ Баян-Овоо сумын нутаг Бунхан талын мотортой худгийн дэргэд бариатай орхиод гэрийн түлхүүрээ айл хөрш, худгийн моторчин, нутагтаа өндөр хэмээн нэрлэгддэг Н.Лувсанд орхисон ажээ. Н.Лувсанд хаш лимбэ хадгалагдаж байгаад 1982 онд аймгийн музейд худалдсан байна. 1920-иод оны үед Ханбогд сумын Цагаан толгойн хийдэд “Саран хөхөө” дуулалт жүжгийг тоглоход тэр лимбийг хэрэглэж байсан гэсэн яриа байдаг.  Энэ тухай Л.Мажаа багшийн туурвисан “Равжаа хутагт бодит ба аман баримт сөхөхөд” номны 58 талд бичсэн байдаг. Хаш лимбэ нь 1985 онд Угсаатны зүй, ардын урлагийн ховор нандин эд өлгийн зүйлийг шалгаруулах улсын уралдааны 3-р шатны үзлэгт орж хүрэл медаль хүртсэн юм.

Холбоотой мэдээ