ЭМЯ ээлжит мэдээллээ долоо хоногт гурван удаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-04 15:09:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг долоо хоногт гурван удаа зохион байгуулахаар болжээ.


Тус яамнаас дэлхийн улс орнуудын болон манай улсын коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүрийн 11:00 цагаас хэвлэлийн хурал хийж мэдээлдэг.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "ЭМЯ-наас өнөөдөр 295 дахь хэвлэлийн хурлаа хийлээ. Нэгдүгээр сараас хойш өдөр алгасалгүй хэвлэлийн хурлыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтаар зохион байгууллаа. 295 удаагийн хэвлэлийн хурлаар коронавирусний халдварын дэлхий дахины нөхцөл байдал, ДЭМБ-ын баримталж буй бодлого чиглэл, дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа болон санамж зөвлөгөө, манай оронд өвчлөлийн нөхцөл байдлын хэмжээ, ард иргэдийн анхаарах зөвлөгөө, коронавирусний халдварын эсрэг дэлхийн нийтийн шинжилгээ, судалгааны ололтын талаарх бүх үнэн бодит мэдээллийг ард иргэддээ хүргэлээ. Өдөр алгасалгүй бидэнтэй хамтран ажилласан хэвлэл, мэдээллийнхэндээ баярлалаа. Сэтгүүлч та бүхний үнэн зөв мэдээллийн ачаар өнөөдрийг хүртэл Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй дэлхийн цөөхөн орнуудын нэг боллоо. Ирэх долоо хоногоос ЭМЯ хэвлэлийн хурлыг даваа, лхагва, баасан гарагт зохион байгуулах болсныг мэдэгдье" гэлээ.

Холбоотой мэдээ