Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан, сурагчдад батламж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-09-02 12:52:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит 2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан, сурагчдад аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл батламж гардуулжээ.

“Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-т тусгасан болзол шаардлагыг энэ хичээлийн жилд 30 шилдэг сурагч хангасан байна.

Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд хагас болон бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлсэн 87 оюутан сурагчид тэтгэлэг олгосон аж.

Ташрамд дурдахад, тэтгэлэгт хөтөлбөрийн журамд ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгсөж Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд анх удаагаа  элссэн болон үргэлжлүүлэн суралцаж байгаа тус аймгийн харьяат иргэнд тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 40-100 хувиар тооцож олгодог журамтай аж.   

Холбоотой мэдээ