Хишиг-Өндөр сум гудамжны номын сантай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-02 10:47:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тус сумын Тээг багийн иргэн Б.Ганжаргал, Орхон аймгийн 20-р сургуулийн багш Э.Хишигсүрэн нар гудамжны номын сан байгуулж, уншигчдад үйлчилж байна.

Гудамжны номын сан гэдэг нь хөргөгч, шүүгээ гэх мэт ажиллахгүй болсон эд зүйлс, бусад материал ашиглан олон нийтийн газруудад байрлуулсан, нээлттэй, ном хадгалах, солилцох зориулалттай нийтийн номын сан юм байна. Энэхүү номын сангаар хэн ч үйлчлүүлж болох бөгөөд гэрээр ном олгож уншуулдаг гэнэ.

            -Манай сумын гудамжны номын санд төрөл бүрийн ном байдаг. Иргэд их сонирхож номтой нөхөрлөх хандлага байгаа харагддаг. Хадны бичээстэй холбоотой ном байна уу гэж сураглатал “Ханжаргалант уулын хадны бичээс” гэсэн ном гаргаж үзүүлж байсан. Хөдөөд соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа нэгэн сайхан санаачилга гэж тус сумын иргэн Д.Жаргалсайхан ярилаа. 



Холбоотой мэдээ