Алтан ууланд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-02 11:06:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан ууланд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргалаа.

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” ХХК нь тухайн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг зөрчиж, улмаар Торомхоны нүдний рашааныг ширгээн, найман малчны өвөлжөө бууцны газрыг авахаар шүүхдээд байсан юм. Тухайн компанийн асуудлыг эцэслэхээр БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргаж холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэнд нутгийн иргэд баяртай байгаа аж.

"Сэтгүүлчид, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын шударга ёсны төлөөх тэмцэл ийнхүү үр дүнд хүрлээ. Иргэдийнхээ үгийг сонсож, хуулийн дагуу арга хэмжээ авч, зохих шаардлага, албан бичгүүдийг холбогдох төрийн байгууллагуудад уламжилж ажилласан орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлье" гэж Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр ярилаа.

Гурвантэс сумын нутаг Алтан уул нь говь нутгийн үзэсгэлэн бүрдсэнээс гадна эмийн ховор ургамал ургадаг, ардын эмчилгээнд хэрэглэдэг рашаантай мөн ил шарханд хэрэглэдэг, цөсний чулуу хайлуулдаг зос хэмээх шаварлаг чулуугаараа алдартай нутаг юм. Харамсалтай нь энэхүү шарх анагаадаг зос, нүдний өвчин анагаадаг рашаан ус устаад байгаа билээ.

Холбоотой мэдээ