Токио руу үйлдэх энэ сарын эхний нислэгийг 3 хоног хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 8 дугаар сард 18 удаагийн захиалгат, тусгай үүргийн нислэгийг зохион байгуулж, нийт 4069 иргэнийг эх орондоо татан авчирсныг УОК-ын шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. Тухайн сард 4000-аас дээш иргэнийг татан авах төлөвлөсөн зорилтоо биелүүлсэн талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл хангах засвар үйлчилгээ хийх болж байрны хүрэлцээ бүрэн хангагдаагүйтэй холбоотойгоор 9 дүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг 3 хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэх болсныг мэдэгдэв.
Тэрээр, "Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд хүргэж байгаа. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна. 9 дүгээр сард төлөвлөсөн нислэгүүд бол урьдчилсан хуваарь гэдгийг ойлгоорой. Шуурхай штаб тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" гэлээ.
ОХУ болон БНХАУ-аас эх орондоо ирэх монгол иргэдийн хүсэлт сүүлийн сард эрс буурчээ. Дээрх хоёр улсад цөөн тооны монгол иргэд байгааг ойрын хугацаанд татан авна. Энэ талаар хугацаа товлосон даруйд мэдээлнэ гэв.
Харин БНСУ-аас ирэх хүсэлт гаргасан иргэдийн хувьд тухайн улсад "COVID-19" цар тахлын халдварын 2 давалгаа эрчимтэй явагдаж байна. Энэ нөхцөлд Сөүл хотын орчим халдвар хамгааллын дэглэмийг чангатгасан. Тиймээс суугаа орныхоо мөрдөж буй халдвар хамгааллын дэглэмийг сахихыг анхааруулж байна. Энэ нь монгол иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг эрдсдэлд оруулахгүй байхыг хэлж буйг ойлгоно уу. Суулт хийснээр өөрсдийнхөө эрүүл мэндийг битгий эрсдэл оруулаач гэдгийг хүсэж байна гэсэн юм.