Ховд их сургуульд 1600 гаруй оюутан суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-01 11:41:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль нь шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх журмын дагуу бэлтгэл хангаж, есдүгээр сарын 01-ний өдөр сургалтын үйл ажиллагаагаа цахимаар эхэллээ. 

2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль 200 гаруй багш ажилтан, нийт 1600 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулна. Үүний 200 гаруй нь шинээр элсэн суралцаж буй оюутан юм. 

Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд цахим сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, зарим хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх зэрэг зорилт дэвшүүлжээ.

Мөн энэ хичээлийн жилд танхим болон танхимын бус сургалтыг хослуулж, шинээр гурван хөтөлбөрийн сургалтыг эхлүүлж байгаагаараа онцлогтой гэж тус сургуулийн захирал Б.Нямдорж мэдээллээ.

Улмаар шинээр эхлүүлсэн дуу хөгжмийн багш, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн бакалавр, бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн сургалтыг чанартай явуулахад анхаарна. Үүнээс гадна Ховд их сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хоёрдугаар шатны зорилтыг амжилттай хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

 

Холбоотой мэдээ