НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүдийн нэр төрлийн багц 50 ширхэгийг илгээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Каори Ишикова Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай өнөөдөр цахим уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангаас Увс аймагт зориулан эмэгтэйчүүдийн нэр төрлийн багц 50 ширхэг илгээснийг дуулгасан юм. Тодруулбал, "COVID-19"-ийн нөхцөл байдалтай уялдуулан тусгаарлан ашиглах байранд байгаа охид эмэгтэйчүүд, эмнэлгийн эмч ажилтнуудад зориулан тус сангаас эмэгтэйчүүдийн нэр төрлийн багц 50 ширхэгийг Увс аймагт бэлэглэсэн байна.
Мөн амьсгалын аппарат болон эмч эмнэлгийн ажилчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах тал дээр хамтран ажиллахаа Шадар суурин төлөөлөгч Каори Ишикова цахим уулзалтын үеэр илэрхийллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Увс аймгийн ард иргэд, эмч эмнэлгийн ажилчид, эмэгтэйчүүдийнхээ өмнөөс НҮБ-ын Хүн амын сангийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.