Гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөж үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-31 15:32:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын ЖДҮ эрхлэгчдэд зөвлөгөө, сургалт өгөх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд энэ санамж бичгийг 5 жилийн хугацаатай байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдийг түшиглэсэн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хийх юм.


Тухайлбал, төсөл бичих аргачлал, олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүгийн эх үүсвэр татах талаар, мөн компанийн засаглалын чиглэлээр бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Эхний сургалтууд ирэх сараас эхэлж Баянхошуу дэд төв болон Улаанбаатар инновацын төвд болох юм.

“Улаанбаатар инновацын төв” нь 2018 онд байгуулагдаж гарааны бизнесийг бойжуулах хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.


Холбоотой мэдээ