Сүрьеэ өвчний үзлэг, шинжилгээнд 2000 хүнийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр хөдөөгийн
18 суманд сүрьеэ өвчнийг рентген аппаратаар оношлох илрүүлгийн ажлыг аймгийн эрүүл мэндийн байгууллагаас хийж дуусгасан байна. Энэ ажлын үр дүнд 2000 орчим хүнийг үзлэгт
хамруулсан нь тус өвчний тархалтыг сааруулах, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ажил
болжээ.
“Алслагдсан баг, сумдын ард иргэдийг нийгмийн халдварт
өвчин гэгддэг сүрьеэ өвчний эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулснаар
сүүлийн жилүүдэд тус аймагт сүрьеэгийн өвчлөл буурч байгаа. Өнгөрсөн жил аймгийн
Нэгдсэн эмнэлэг зөөврийн рентген аппараттай болсон нь энэ ажилд их дөхөм болж
байна. Сүрьеэ өвчнийг эрт оношилж, зөв эмчилгээ хийвэл эдгэрэх боломжтай ба нас
баралт багасдаг. Харин буруу эмчлэх, эмчилгээ хийхгүй байвал нас баралт
өндөртэй өвчинд тооцогддог. Иймээс уг өвчний эрт илрүүлэг оношилгоо, эмчилгээнд
онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” хэмээн аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга Г.Уугантуяа
хэллээ.