Эрлийн ажлыг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:56:14

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Буйр нуурт 4 хүн осолдсон тухай өмнө нь мэдээлсэн. Эрэл 20 гаруй хоног үргэлжилж, өчигдрөөс ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоолоо.

4-р сарын 24-ний өглөө Буйрын тосгоны дөрвөн залуу загасчлахаар нуур руу гарах үеэр гэнэт хүчтэй салхилж, мөсний хөдөлгөөн ихэссэнээс завинаасаа унасан гэсэн таамаг байгаа юм. Тухайн үед хоёр хүн мөсөн дээр гарч ирсэн ч  гурван цагийн турш тусламж авч чадалгүй байсаар нэг нь осгож, нөгөө нь мөс цөмөрч живсэн гэдгийг тосгоныхон хэлж байгаа.

Энэ хугацаанд Буйр нуурын зүүн хойд тал, хуучин Загасны үйлдвэрийн ойролцоо, мөн түүнээс урагш 5 км хэртэй зайд хайж байсан ч 300 гаруй метрийн зайнаас мөс цөмөрч живсэн нэг хүний цогцсыг гаргаж авчээ. Цогцос нь олдоогүй хоёр хүнийг нуурын аль хэсэгт осолдсоныг тодорхойлох боломжгүй байгаа учраас эрэл явуулах цэгийг тогтооход хүндрэлтэй байсан гэдгийг Аврах тусгай ангийнхан ярьж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ