"Говийн бүсэд таримал аж ахуйг хөгжүүлэх боломж" сургалт боллоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-28 14:16:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн бүсэд таримал аж ахуйг хөгжүүлэх боломж" сургалт боллоо.
"Хүлэмж цогцолбор"-ын сургалтын төвд 21 аймгийн агрономич, газар тариалан эрхлэгчдийн хоёр өдрийн талбайн үзүүлэх сургууль боллоо. Сургалтад холбогдох яамд, албаныхан оролцсон бөгөөд Өмнөговь аймгийн газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдал, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, борлуулалт, говийн бүсэд агро ойн парк хөгжүүлэх боломж, говийн бүс дэх хүнсний ногооны сорт сорилт, үр үржүүлгийн судалгааны үр дүн зэрэг сэдвээр үргэлжилсэн юм.
Тус аймагт газар тариаланг хөгжүүлэх, эрүүл шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор хэрэглэгчдийг хангах зорилтот ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Өвөл, зуны хүлэмжийн тариалалтыг хийхээс гадна сумдад газар тариаланг хөгжүүлэх судалгаа шинжилгээ туршилтын ажлыг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Мөн газар тариалангийн салбарт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор дэмжиж сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулахаас гадна дадлагажиж, чадваржих боломжийг олгож байна. Улмаар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Даланзадгад хотноо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Хүлэмж цогцолбор"-ын сургалтын төв байгуулж энэ үеэр албан ёсоор ашиглалтад орууллаа.

Холбоотой мэдээ