Байгаль орчны байцаагч, хамгаалагч хүрэлцэхгүй байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчдын цугларалт, сургалт хийв. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтанд нийт сумаас гуч гаруй байцаагч оролцон, гол сэдвийг байгаль орчныг хамгаалахад чиглүүлэв.
Ногооннуур сумын байгаль орчны байцаагч Х.Хуантай, -Сургалт, ярилцлагаар ажил мэргэжилтэй холбоотой шинэ хууль тогтоомж зэрэг их зүйл сурч мэдлээ. Манайд төрөл бүрийн ховор ан амьтан, ой мод, ургамлын төрөл зүйл элбэг, Дэвлийн арал зэрэг улсын хамгаалалттай газар нутаг ч бий. Сүүлийн жилүүдэд хяналт сайжирч, байгаль орчны тухай хуулийн заалт нарийссанаар зөрчил эрс буурлаа. Гэр, байшингийн мод гэхэд гаднаас зөвшөөрлийн дагуу авч байна. Өнгөрсөн жил ноцтой зөрчил гараагүй ч түлшний хомсдолын улмаас хууль бусаар ой модноос авч ашиглах дутагдал арилаагүй. Загасыг өвлийн улирлаар Ачит нуурнаас зөвшөөрлөөр олборлодог. Харин загастай Бөхмөрөн голоос хууль бусаар загас авлах явдал одоо ид эхлээд байна. Манай сум байгаль орчны нэг байцаагч, дөрвөн хамгаалагчтай. Нутаг өргөн болохоор хүн хүч хүрэлцэхгүй байна гэж ярилаа.
Ш.Айзаря