Орос улс Монголыг алдах ёсгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-08-25 13:24:04

МОСКВА. /Взгляд/. Евроцентризм буюу Европыг өргөмжлөх хуучинсаг үзэлдээ баригдсан бид бүхэн манай улсын баруун талаар хиллэдэг улс орнуудад болж буй үйл явдлыг хэтэрхий их анхаараад харин Дорно зүг рүү хараа сунгахгүй байна. Гэтэл энэ хооронд түүхийн үйл явцын “хүндийн төв” нь Хятад болон Зүүн-Өмнөд Азийн орнууд руу аль хэдийнэ шилжжээ. Орос улсын хувьд Казахстан, Киргизстан, Монгол дахь нөхцөл байдал нь Украин, Беларусьт болж буй үйл явдлуудаас илүү чухал билээ. Гэвч одоохондоо бид үүнийг төдийлөн сайн ухаж ойлгохгүй байна. Харин он жилүүд өнгөрөх тусам улам илүү ойлгох бололтой. Үүнийг амьдрал өөрөө шаардах болно.


Оросын сүлдэнд Византийн хоёр толгойтой бүргэд байдгийн нэг нь Өрнөд рүү, нөгөө нь Дорно зүг рүү харж байдаг хэмээн ярилцдаг. Дорныг хараалсан толгой нь сул дорой, үлбэгэр байдгийн учир нь түүнийг муухан арчилж тэжээдэгтэй холбоотой. Харин Өрнөд рүү харсан нь биендээ зохицоогүй хэт том толгойтой, рахит сульдаатай. Өөрөөр хэлбэл, бидэнд нийцэл зохицол, тэнцвэр дутагдаж байна гэсэн үг.


Орос улс геополитикийн чиг баримжаагаа Өрнөөс Дорно руу шилжүүлэн өөрчилж байгаа талаар аль эртнээс л ярьж байгаа. Учир нь, гэрэл гэгээ Дорно зүгээс цацарч, бүхий л өөрчлөлтүүд тэнд л гарч байгаа билээ. Гэвч вестернизм буюу барууныг өргөмжлөх сэтгэлгээний инерци маш хүчтэй хэвээр байна. Өдгөө хэвлэлд гарч буй хоёр нийтлэл тутмын нэг нь Беларусийн тухай, харин гурван нийтлэл тутмын нэг нь Украины тухай байгаа бол Монголын талаар бичиж буй хүн бараг алга. Тэгэхээр одоо Монголыг эргэн нэг дурсацгаая.


Энд, харамсалтай нь, сэтгэл зовоох нэгэн учир шалтгаан бий. Монгол Улс кирилл үсгээс татгалзаж, хуучин монгол босоо бичигтээ буцаж шилжихээр төлөвлөж байна. Монголчууд 1941 онд кирилл үсэгт шилжсэнийг оросуудын ихэнх нь мэддэггүй байх, гэхдээ энэ бол баримт мөн. 2003 он хүртэлх хугацаанд орос хэл нь Монголын сургуулиудад заавал үзэх ёстой хичээл байв. Дараа нь мэдээж англи хэлээр солигдсон. Харин одоо Казахстаны араас шинэ “моод”-ыг дагаад кирилл цагаан толгойгоо халахаар шийджээ. Ийм шинэчлэл нь хэр их хор хөнөөлтэй вэ гэдэг тухайд бүр ч ярилтгүй бөгөөд бичиг үсгийн уламжлал тасалдахын үр дагавар нь хэнд ч илэрхий.


Монгол нь 100 гаруй жилийн турш ЗХУ болон Оросын үнэнч холбоотон байсаар ирсэн билээ. Энэ нь юуны түрүүнд Монголд өөрт нь ашигтай байсан. Орос улстай нягт холбоотой байсан нь Хятадын нөлөөг тэнцвэржүүлсээр ирсэн юм. Орос улс Монголыг өөртөө уусгаж авахыг хэзээ ч хүсэж байгаагүй бөгөөд Орос, Хятадын дундах жийргэвч бүс гэдэг утгаараа тусгаар Монгол улс Москвад хэрэгтэй. Харин Хятад улс Монголыг өөртөө нэгтгэж, ул мөр үлдээхгүйгээр уусгаж авахыг эрмэлзэж байж магадгүй юм.


Хятадууд Монголыг эзлээд байсан бөгөөд гагцхүү Оросын цэргийн тусламжтайгаар (эхлээд цагаантнуудын, дараа нь улаантнуудын дэмжлэгтэйгээр) 1924 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба 1949 оныг хүртэл ЗХУ-аас өөр ямар ч орон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байсан билээ.


Дэлхийн II дайны үед монголчууд бидний ялалтад маш их хувь нэмэр оруулсан. Монголын ард түмэн бидэнд морио, нэхий дээлээ өгч, мөн хүнс нийлүүлж, мөнгө хандивлаж, сайн дурынхнаа илгээж байв. 


Монгол Улсад гурван сая орчим монгол хүн амьдардаг бол Өвөр Монголд, өөрөөр хэлбэл Хятадад хамаарах монгол нутагт хоёр дахин олон буюу зургаан сая орчим монголчууд бий. Гэвч эдгээр монголчууд үндэсний өвөрмөц онцлогоо аль хэдийн алдсан бөгөөд ихэнх нь хятадаар ярьдаг, хятад болсон. Хэрэв Оросоос холбоо тасарвал "гадаад" буюу тусгаар тогтносон Монгол Улсыг, жинхэнэ монгол хүмүүсийг ийм л хувь тавилан хүлээж байна.


Тэгвэл Монгол дахь Оросын нөлөө 1992 оноос хойш улам л багассаар байгаа билээ. Энэ нь бидэнд хамаагүй, сонирхолгүй болж дээ. Бидэнд Украины үйл явдал л илүү чухал бололтой (гэхдээ бид Украинд "зөөлөн хүч"-ийг ашиглаж чадаагүй учраас Киевийг Америкийн Төрийн департарментад алдчихсан). Тэгвэл Монгол Улс ашигт малтмалаар маш баян бөгөөд Орос, Хятад хоёрын дунд стратегийн ач холбогдол бүхий байрлалтай. (Монгол Улс өөр улсуудтай хиллэдэггүй).


Сүүлийн жилүүдэд Оросын жуулчид Монголыг сонгон аялах болжээ. Урам зоригтой, баяр хөөртэйгөөр буцаж ирцгээх тэд Монголд дахин очих хүсэлтэй байдаг. Монгол бол яг л өөр ертөнц шиг, өөр гараг ​​шиг тэдэнд санагдана. Үүний сацуу Монголын тал нутагт очсон орос хүний хувьд скиф, казакийг санагдуулам ойр дотно зүйл бий. Монголын ахмад үеийнхэн орос хэл мэддэг учир орчуулагчгүйгээр харилцах боломжтой.


Монголын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, аж амьдралыг сайжруулахад Зөвлөлтийн ард түмнээс үзүүлсэн ах дүүгийн тусламж дэмжлэгийг эндхийн хүн ард үргэлж дурсаж байдаг. 


Бидний хувьд, одоо ч гэсэн Монголыг алдахгүй, тойрог замаасаа гаргахгүй байх боломж бий. Үүний тулд улс төрийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Гэхдээ үүнээс дутахгүй нэг чухал зүйл нь Монголд орос хэл, орос соёлыг түгээх явдал байж болох.


Орос хэл дээрх ном зохиол, киног идэвхтэй сурталчлах, орос хэл заах, Монголын иргэдийг Орос улсад суралцахыг урьж, илүү их хэмжээтэй тэтгэлгийг санал болгох, соёлын элч нараа Монголд илгээх, зохиолч, зураач, найруулагчдад зориулсан наадам, уралдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, "зөөлөн хүч" гэгддэг бүхий л зүйлийг ашиглах хэрэгтэй.


Шинэ даргатай /бага Евгений Примаков/ болсон "Россотрудничество" байгууллага бидний хувьд хамгийн чухал гэгдэж буй чиглэлийг, тэр дундаа Монголыг орхихгүй байх гэсэн найдлага төрж байна. Оросын соёл иргэншлийн нөлөөлөл нь манай хамгийн ойрын хөршүүдэд хүртэл оргүй алга болсон мэтээр геополитикийн өрсөлдөгчид маань үзэж байгаа нь арай л эртэдсэн хэрэг юм. Бид сансарт нисчихээгүй, эндээ л байна. Биднийг хаа нэгтээ бүрмөсөн явчихсан хэмээн бодож байгаа бол энэ нь зүгээр л төөрөгдөл юм. Орос улс эргэн ирэх нь гарцаагүй гэж зохиолч, нийтлэлч Герман Садулаев “Взгляд” сонинд бичжээ. 


Холбоотой мэдээ