"Цар тахал бидний амьдралд" сэдвээр залуус чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучууд бол асуудал дагуулсан нийгмийн эмзэг бүлэг биш. Харин бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг авчрагч, асар том хүч, нийгмийн ижил тэнцүү, түншлэгч, оролцогч бүлэг юм гэдгийг өнөөдөр нийслэл хотноо эхэлсэн Залуучуудын иргэний нийгмийн IV чуулганаар хөндөж байна.
Чуулганыг Монголын залуучуудын эвслээс өнөөдөр тохиож буй Монголын залуучуудын өдөр НҮБ-ын Хүн амын сангийн хамтын дэмжлэгтэйгээр, мөн Европын холбооны дэмжлэгээр хэрэгжүүлж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө!" төслийн хүрээнд НҮБ-ын суурин төлөөлөгчийн төв байранд "Залуусаа сонсоцгооё: Цар тахал бидний амьдралд" сэдвээр зохион байгуулж байна.
Чуулганыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люка, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Коари Ишикава, Монголын Залуучуудын Эвслийн зохицуулагч Э.Сэрээтэр нар нээлээ. Чуулганы үндсэн илтгэлийг Монголын Залуучуудын Эвслийн зохилцуулагч Э.Сэрээтэр "Цар тахал бидний амьдралд" сэдвээр тавьж, залуучууд дэлхий нийтийг хамраад буй "COVID-19" цар тахлын халдварын нөлөөллийн нөхцөл байдалд амьдрал ахуй, ажил төрлөө цахимд шилжүүлэх замаар соёлын хандлагын өөрчлөлтийг хийх талаар хөндөв.
Залуучуудын иргэний нийгмийн IV чуулган нь "Эрүүл мэнд", "Боловсрол", "Хөдөлмөр эрхлэлт", Иргэний орон зай-залуусын оролцоо" сэдэвчилсэн хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Чуулганд залуучуудын олон талт төлөөлөл, төрийн болон олон улсын байгууллагууд, залуучуудын хөгжил, нийгмийн оролцооны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагын залуучууд оролцож байна.
Чуулганы үеэр НҮБ-аас энэ онд эхлүүлээд буй "НҮБ-75" санаачилгын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт болж буй “Хүсэж буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” уриан доорх олон талт хэлэлцүүлэгт залуучуудын байр суурийг тодотгох үйл ажиллагаа зэрэгцэн явагдаж байна.
Ташрамд мэдээлэхэд, Монголын Залуучуудын эвсэл нь 2014 онд байгуулагдан 18 ТББ-ыг эгнээндээ нэгтгэн хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд залуучуудын эрхэм чанарыг түгээж, бодит, ухаалаг, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Гэрэл зургийг Н.Батбаяр