“Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэн "Мишээл экспо"-д болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-20 14:55:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан БХБЯ, Барилга.МН, БХТ хамтран “Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.


Маргаашнаас эхлэн гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 120 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Үзэсгэлэнг BARILGA.mn сайтаар цахимаар үзэх боломжтой юм.


“Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриатай уг үзэсгэлэнгээр ААН-үүдэд бүтээн байгуулалтаа ногоон барилгын бодлогод нийцүүлэхийг уриалж байгаа аж. 


“Улаанбаатар хотод нийт 440 орон сууцны төсөл хэрэгжиж байна. Үүнээс 310 төсөл 32500 айлын орон сууцандаа захиалга авч борлуулалт хийж байгаа. Энэ жилийн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэн Засгийн газраас 60 тэрбум, Монголбанк, арилжааны банкнаас нийт 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсноор орон сууцны хүртээмж нэмэгдэх таатай нөхцөл бүрдэж байна” хэмээн “Барилга.МН-ийн захирал Г.Батсүх хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.


Энэ онд барилгын салбарын хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил өмнөх онуудынхаас 2 дахин нэмэгджээ. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт өндөр байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд ч нэмэгдэх хандлагатай байгааг БХБЯ-наас мэдээлэв.

Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ