Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийг тэлэх 15 мега төслийн ажлыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-20 16:38:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй. Тогтоолын төсөл батлагдсанаар, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болно. Дунд хугацааны зорилтууд хэрэгжсэнээр ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай хүргэх, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэх юм байна.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 18-ны хуралдаанаар, дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Н.Учрал нарын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулсан. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Оюутны хөгжлийн зээл зогсонги байдалд орж гадаад, дотоодод суралцахаар гэрээ байгуулсан оюутны төлбөр төлөгдөхгүй байгаа асуудал гарсан гэдгийг тодотгоод, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгасан эсэхийг лавлав. Мөн Оюутолгой төслийг хууль тогтоомжид нийцүүлж далд уурхайг ашиглалтад оруулах, Эрдэнэт ТӨҮГ-ын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж 100 хувь улсын өмч болгох зэрэг ажил төлөвлөсөн байгааг дурдаад, тодорхой тайлбар хүсэв. Түүнчлэн дараагийн 30 жил Монгол Улсын эдийн засгийг авч явах Тавантолгойн орд газрын нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах тэргүүлэх зорилт, хоёрт төмөр замын асуудал, гуравь Тавантолгойг түшиглэсэн эрчим хүчний станц байгуулах зэрэг төслийн ТЭЗҮ, судалгааны ажил ямар түвшинд байгааг лавлалаа. 


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлуудыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан, цаашид Оюутны хөгжлийн зээл хөтөлбөр үргэлжилнэ хэмээгээд, шалгаруулалт нийтэд ил тод биш гэсэн шүүмжлэл гарч буйд дүгнэлт хийсэн гэлээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжил хаашаа хөдөлж буйг судалсан. Уул уурхай дээр нэмэх нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тэр дундаа хүнсний технологи, Ай Ти буюу бүтээлч үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг долоон салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх зэрэг гэж эрдэмтэд санал нэгддэг. Тиймээс гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт энэ чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд анхаарч, ирээд шууд ажиллах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гэлээ.  Тэрбээр, Оюутолгойтой холбоотой асуудлыг Дубайн гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах гэсэн байдлаар оруулсан. Уг гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр, уул уурхайн бүтээн байгуулалт өрнөнө хэмээн тайлбарлав. Түүнчлэн цар тахлын улмаас эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай нүүр тулж буйг тодотгоод, эдийн засгаа тэлэх зорилготой төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 15 мега төслийг урагшуулж шуурхайлах чиглэлийг тусгасан хэмээн тэмдэглэв. Тухайлбал, Тавантолгойн эрчим хүчний станц, төмөр замууд, газрын тос боловсруулах үйлдвэр, зарим стратегийн орд газруудыг ашиглалтад оруулах зэргээр ТЭЗҮ боловсруулж энэ жилээс  эхлүүлэхээр тусгасан хэмээв. 


УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна. Нүүрс угааж боловсруулах 30 тонны хүчин чадалтай үйлдвэрийн эхний ээлжинд 10 сая тонны модулыг ашиглалтад оруулна. Ингэснээр бид нүүрсээ сорчлохгүй боловсруулж борлуулах боломж бүрдэнэ гэдгийг тайлбарлав. Мөн Эрдэнэт үйлдвэр нь одоогоор ТӨҮГ-ын статустай байгаа, буцаад ХК болох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх ч үйлдвэрийн ажил үүнээс үл хамааран улсад өгөх үр өгөөж нь хэвээрээ байна гэлээ.


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахтай холбоотой төсөлд тусгасан дэд бүтцийн төлөвлөлтийн талаар танилцуулав. Тодруулбал, Улаанбаатар хотыг Тэрэлж, Налайх, Майдар, Аэросити, Багахангай, Биосонгино, Туул шувуу тосгон, Аргалан, Эмээлт, Жаргалант, 361 дүгээр гарамыг тойрсон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулах төлөвлөгөө гаргасан гэлээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос 100 км-ийн радиусаар нэг гарцаар гарахад нэг төрөлжсөн суурин, нөгөө гарцаар гарахад бас нэг төрөлжсөн суурин байх юм. Судлаачдын дүгнэснээр, Улаанбаатар хотыг тэлж хөгжихөд амаргүй гэж томъёолдог гэдгийг тодотгоод, илүү хөдөөгийн хөгжлөө дэмжих, бүсчилсэн хөгжилтэйгээ хот төлөвлөлтийн асуудлыг уях байдлаар төвлөрлийн асуудлыг шийдэх нь оновчтой гэдгийг онцлов. Үүнд эрчим хүч болон дэд бүтцийн томоохон судалгаа шинжилгээ хийх шаардлагатай гэдгийг тодотгов. Тэрээр мөн ажлын багийн гишүүдэд хариулахдаа, "Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийг баталсан, хэрэгжих боломжтой төслүүдэд дүн шинжилгээ хийж 1000 гаруй эрдэмтэн судлаач 9 ажлын багт хуваагдаж энэхүү төслийг боловсруулсан гэдгийг цохон тэмдэглэв. Эдгээр төслүүд нь зөвхөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжихгүй, цаашлаад үргэлжлээд явах замаар төсөлд тусгасан. Бодлогын баримт бичгийн анхны оролдлого гэдгийг тайлбарлаж байв. 


УИХ-ын гишүүн Н.Учрал, Үндсэн чиглэл дээр хөрөнгийн зах зээлийг ямар бодлого баримталж хөгжүүлэхийг асуув. Сүүлийн 25 жил хөрөнгийн зах зээлд дэвшил гарахгүй байгааг тэмдэглээд, үүнийг хөгжүүлбэл эдийн засаг төрөлжих, иргэдийн амьдрал ахуйд сайнаар нөлөөлнө гэлээ. Уул уурхайгаас хамааралтай цаашид таван жил хөгжвөл иргэдийн амьдрал сайжрахгүй гэдгийг тодотгов.


Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Үндсэн чиглэлийн төсөлд, Ухаалаг санхүүгийн зах зээл гэсэн ерөнхий байдлаар, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэлгэрэнгүй хэлбэрээр хөрөнгийн зах зээлийг дэмжих асуудлыг тусгасан гэдгийг танилцуулав. Засгийн газрын хувьд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж буйг тэмлэглэв. Ингэхдээ, хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллага, мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах замаар санал дүгнэлтээ нэгтэж байгаа, удахгүй Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлнэ гэлээ. Уг хуулийн төсөлд, шинэ бүтээгдэхүүний зохицуулалт бий болгох, түүнийг уян хатан болгох, мэргэжлийн урт хугацааны хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах талаар зохицуулалт нэмж тусгаж буйг онцлов.  Дэд бүтцийн системийг шинэчилж блокчейн систем суурилсан платформоор бүрэн шинэчлэх бодлого барьж буйг тайлбарлав. Эхний ээлжинд Засгийн газрын үнэт цаас борлуулах блокчейн технологийг хөгжүүлж дуусаад буйг тэмдэглэж наймдугаар сардаа багтаан арилжааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа.  Түүнээс гадна биржийн бус зах зээлийг хөгжүүлэх зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ ХК-ийн ил тод байдал, засаглалыг сайжруулах, үнэт цаас гаргагчийн мэдээллийн тайланг олон улсын жишигт нийцүүлэх системтэй болох асуудлаар ажиллаж байгааг хэллээ.


Гишүүд асуулт асууж тодруулсны дараа санал хураахад  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг олонх нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ