"Дарь-Эх"-ийн замыг 27-нд нээх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-19 16:37:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэчилж буй "Дарь-Эх"-ийн гудамжны зам засварын ажилтай танилцлаа. Тэрээр, зам засварын ажлыг хичээл, сургууль эхлэхээс өмнө 24 цагаар хийж, энэ сарын 27-нд нэг урсгалыг нээх үүрэг даалгавар өглөө. 


"Дарь-Эх"-ийн замыг 7 дугаар сарын 27-ноос бүрэн хааж замын шинэчлэлийг эхлүүлсэн юм. Улмаар засварын ажлыг 8 дугаар сарын 10-нд гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдоод байна. 

Замыг шинэчлэх явцад явган хүний зам, ус зайлуулах шугам, сүлжээний ажлыг хийх юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор буталсан чулуун суурийг хийж эхэлсэн.


"Дарь-Эх"-ийн замд уулын ус ихээр орж ирдэг учраас 7 шүүрт худагтай байсныг 24 болгож шийдэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Мөн үерийн шугамуудыг нэмж тавих талаар гүйцэтгэгч компанийн удирдлага танилцууллаа.



Холбоотой мэдээ