Хэрлэн, Бор-Өндөр сумдын эрчим хүчийг шинэчлэх ажил удахгүй эхэлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-14 19:25:41
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй Дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2” төслийн хүрээн дэх эрчим хүчний шинэчлэлийн ажлын талаар ярилцлаа.
Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум-Чингис хот, Бор-Өндөр сумын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил 6,8 тэрбум төгрөгөөр хийгдэх юм. Одоогийн байдлаар тендерийн сонгон шалгаруулалт дээрх хоёр суманд тус тусдаа явагдаж, үнэлгээний хороо хянах шатандаа яваа аж. Ц.Идэрбат Эрчим хүчний сайдад уг ажил ирэх 2021 онд бүрэн дуусах тул ажлаа шуурхай эхлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.
“Эрчим хүчний төсөл-2” хэрэгжсэнээр Хэнтий аймгийн Чингис хотын 6 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн шинэчилнэ. Ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, дамжуулагчийн хөндлөн огтлолыг нэмэгдүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, зарим хэсгийг нь газар доогуур тавих аж.
Үүнчлэн, Хэрлэн сумын шинэ суурьшлын бүс, захын гэр хорооллуудад найман байршилд дэд станц байршуулж, аймгийн төвд 80 гаруй км 04 кВ шугам шинээр барина. Гэр хорооллын эгнээ гудам бүрд байрлах модон тулгууртай шугамыг бетон тулгууртай, СИП кабелтай болгох бөгөөд, гэр хорооллын хэрэглэгчдэд нэг стандартын тоолуурын хайрцаг тавьж, айл өрхөд хоёр тарифтай /өдөр, шөнө/ ухаалаг тоолуур тавихаас гадна Зарим ААН-ийн хэрэглэгчдэд гурван тарифт тоолуур тавих юм.
Тухайн төслийн үр дүнд шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарах тасралт багасаж, засварын зардал үлэмж хэмжээгээр буурч, хэрэглэгчид хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хянах, зүй зохистой хэрэглэх боломж бүрдэхээс гадна гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдах болно. Мөн эрчим хүчний чанар сайжирч алдагдал буурах зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Бор-Өндөр, Хэрлэн суманд зарлагдсан тус эрчим хүчний шинэчлэлийн ажилд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан үнэлгээний хороо хяналт тавин ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг үнэлгээний хороо гаргана.
Холбоотой мэдээ