Г.Гантулга: Хамт олны минь буян гэж бодож байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-14 10:01:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Г.Гантулга 100 хувийн буцалтгүй тусламжаар хоёр өрөө байртай болсон баярт мэдээг хуваалцахаар зорьсон юм. Тэр бээр Хилийн цэргийн хөгжмийн салаанд тасралтгүй 20-иод жил алба хааж байгаа бөгөөд ХЗДХЯ-ны “Салбарын алба хаагч бүрд орон сууц” хөтөлбөрт хамрагдан ийн байртай болжээ. Түүнтэй уулзаж баярт мөчийг нь хуваалцсанаа уншигч та бүхэнд хүргэе.


-Сайн байна уу. Юуны өмнө өөрт тань хоёр өрөө байртай болсонд баяр хүргэж, сайн сайхныг хүсье.

-Баярлалаа. Би маш их баяртай байна.


-Өөрийг тань бүр жаахан хүүхэд байхаасаа хилийн цэргийн хөгжмийн ангид суралцаж байсныг мэдэх юм. Яагаад цэргийн ангид, тэр дундаа хөгжмийн урлагийг сонгох болов. Энэ талаар сонирхуулаач?

-Би 1993 онд 16 настайдаа Хилийн 0101 дүгээр ангид хөгжмийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж байна гэж сонсоод шалгуулан орж байсан. Манай багш Д.Дорж гэж их мундаг авьяастай, шургуу дайчин, хөдөлмөрч хүн байлаа. Түүний анхны шавь нарын нэг нь би. Манай 0101-р анги байрны хүрэлцээ муутай байсан. Ингээд манай хөгжмийн салаа хойд анги буюу хилийн 0243 дугаар анги руу шилжсэн юм. Анх орсон цагаасаа эхлээд одоог хүртэл тасралтгүй хөгжмийн салаандаа алба хааж байна. Би одоо хилийн 0243 дугаар ангийн СМССА-ны хөгжимчнөөр ажилладаг. Энэ ангидаа 19 жил ажиллаж байна.

-Гэр бүлээ танилцуулаач? 

-Манайх таван хүү, нэг охинтой. Миний эхнэр группэд байдаг учраас ажил хийдэггүй. Бид хоёр ханилаад 25 жил болж байна. Том хүү маань энэ жил 23 нас хүрч байгаа. Ганц охин минь энэ жил оюутан болсон. Бага хүү харин зургаан настай сургуульд орж байна.  


-Хотод байртай болно гэдэг сайхан хэрэг. Тэр дундаа оюутантай айлд бүр ч зардал, мөнгө хэмнэсэн их тустай үйл болж. Энэ байранд хэрхэн яаж хамрагдав. Энэ талаараа тодруулаач?

-Тийм шүү. Миний хувьд ёстой л хөл газар хүрэхгүй явна. Энэ жил ганц охин минь оюутан болж байгаа учраас сургалтын төлбөр, амьдрах газар гээд олон асуудал үүсэж байсан. Гэтэл Хил хамгаалах байгууллагаас хоёр өрөө байр өгөхөөр болсон гэж дуулаад ёстой их баярласан. Энэ сайхан мэдээг сонсоод нүдний нулимс өөрийн эрхгүй урссан. Би ажилтай жижүүрт гарч байв. Гэтэл “та шалгуурт тэнцсэн байна шүү гэсэн” мэдээг хүлээж авсан.

Тэгээд хурдхан л жижүүрээс бууж эхнэртээ энэ сайхан баяртай мэдээг дуулгахын яарсан. Манай хүн ямар сайхан юм бэ гэж их баярласан. Эхэндээ нарийн ширийн мэдээлэл авч чадаагүй байсан болохоор нэг өрөө байр гэж ханьдаа хэлсэн. Баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь хоёр өрөө байр гэсэн чинь бүр их баярласан. Би их азтай хүн. Хамт олны минь буян гэж боддог. Хил хамгаалах байгууллагадаа өөрийн чадах өчүүхэн хувь нэмрийг тасралтгүй оруулан ажилласны ач гэж бодож байна. 


-Хээрээр гэр, хэцээр дэр хийж яваа, өмссөн хувцаснаас өөр эд хогшилгүй хилчдээ удирдах дээд байгууллагаас харж үзэж, орон сууцжуулж байгаа нь талархууштай юм. Та яг ямар шалгуураар энэ байрны эзэн болов. Бүр буцалтгүй тусламжийн байрыг гардсан байна шүү дээ?

-Хил хамгаалах байгууллагаас алба хаагчдаа орон сууцжуулах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч байгаа. Манайд өгсөн байр нь Амгаланд баригдаж байгаа 46 м2 хоёр өрөө байр гэсэн. Би саяхан Улаанбаатар орж гэрээгээ байгуулаад ирсэн. Энэ оны сүүлчээр ашиглалтад орох юм байна лээ. Ангийн Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Т.Алтанхундага шалгуур нөхцөлийг анх надад танилцуулсан юм. 

Тэгээд би судалгаанд оролцсон. Манай гэр бүлийн хүн группэд, олон хүүхэдтэй, нэг хүний цалингаар амьдралаа тэжээдэг нь нөлөөлсөн байх гэж бодож байна.  Манай эхнэр 100 хүн тутамд нэг, хоёрхон тусдаг өвчнөөр өвдсөн. Хүнд өвчин гэж оношилсон байдаг. Сард 500 орчим мянган төгрөгийн эм тариа зарцуулдаг. Биеийн байдал нь ойрд овоо дээрдэж байгаа. Нэг хэсэг ч дордсон шүү. Манай анги хамт олны дэмжлэг туслалцаатайгаар бидний амьдрал өдийг хүртэл дажгүй сайн байгаа.  


-Өө харамсалтай юм. Гэхдээ дээрдэж байгаа бол сайн хэрэг. Удахгүй бүр эдгэрнэ гэдэгт итгэж байна. Хань тань өвдөөд хэр удаж байгаа вэ?

-Анх 2002 онд өвдгөндөө бэртэл авчхаад хагалгаанд орсон юм. Нэг талын хөл нь үеэрээ нугалардаггүй. Саяхнаас нэг талын хөл ажиллагаагүй болж, нөгөө хөлөнд нь давхар асуудал үүсээд байгаа.  


-Мэдээж ганцаараа найман ам бүл тэжээнэ. Дээр нь өвчтэй хүн асарна гэдэг амаргүй. Энэ хүнд ачааг тэнцүүлж үүрнэ гэдэг таны хувьд амаргүй байгаа болов уу?

-Яах вэ. Эхэндээ хэцүү байсан. Одоо хүүхдүүд томроод тусад орж байна. Нэг хэсэг эхнэр аваарт орсны дараахан гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан үе бий. Хэдэн хүүхдүүддээ хоол цайг нь хийж, ус түлээгээ зөөхөөс эхлээд ажил мунддаггүй байсан. Гэхдээ олон хүүхэдтэй гэж би түүртэж байгаагүй. Олон хүүхэдтэй байх сайхан шүү дээ. Би эхээсээ 11-үүлээ бужигнаж өссөн. Олуулаа өсөхийн жаргал гэдэг сайхан шүү. 


-Өөрийг тань хилийн салбарт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр хотод ажиллаж байгаа гэж сонссон. Хүүхдүүд тань ээжийгээ асарч үлдсэн үү?

-Тэгсэн. Манай хүүхдүүд, охин минь асарч байгаа. Хүүхдүүд их нэмэр болдог болсон. Гэр бүлд өвчтэй хүн байна гэдэг хэцүү. Хүн удаан хэвтэрт байхаар шагай нь хүртэл цоорчихдог юм билээ. Анх мэдэхгүй зөөлөн дэвсгэр дээр л хэвтүүлбэл аятай гэж бодоод аль болох юм ивж давхарладаг байлаа.


Ханийгаа өвдөхийг нь харахаар гол зураад л явчихдаг юм. Өмнөөс нь өвдчихсөн гэж бодогддог. Эхнэрийгээ хагалгаанд оруулчхаад хагалгаа нь амжилттай боллоо гэхэд маш баярлаж байсан. Миний хань таяг тулаад гараад ирэхэд нь ямар их баярласан гээч. Бидэнд сайхан дурсамж олон бий. 


-Өөрийн тань ажил өөдрөг, сэтгэл дүүрэн сайхан мэргэжил. Хүүхэд наснаасаа эхэлж хийсэн болохоор ёстой л эзэн нь болж чадсан биз дээ?

-Хөгжимчнөөр тууштай ажиллаж явна. Нэг зүйлд тууштай зүтгэвэл амжилтад хүрнэ гэдэг үнэн юм байна гэж дотроо баярладаг. Би баярласан сэтгэлээ ахин дахин илэрхийлмээр байна. Ангийн удирдлага, хамт олон, Хил хамгаалах байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье. Ялангуяа ангийн хамт олондоо талархахгүй байхын аргагүй. Гэр бүлийнхээ өмнөөс ахин дахин баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

Холбоотой мэдээ