Малчид усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-11 15:52:04

Дорнод /МОНЦАМЭ/. Баян-Уул сумын нутаг Наянгаа гэх газар, Онон гол орчимд нутаглаж байсан малчид усанд автжээ. Энэ зун Дорнод аймгийн хойд сумдын нутгаар хур бороо элбэг байгаа юм.

Усанд автсан дөрвөн өрх гэр орон, хашаа саравчаа тэр чигт нь үлдээж, одоогоор өндөрлөг газарт майхан барьж амьдарч байна. Хөгшин настай болон бага насны хүүхдүүдээ сумын төв рүү явуулж, залуучууд мал дээр үлджээ. Баян-Уул  сумын Онцгой комисс тухайн нөхцөл байдал дээр хэд хэдэн удаа ажиллаж тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн байна. Энэ удаа аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг усанд автсан малчидтай уулзаж газар дээр нь ажиллалаа.

Яг энэ газар хоёр жилийн өмнө Онон гол эргээ хальж айл өрхүүд усанд автаж байжээ. Өвөл нь зуд болж, хавар нь энэ хавийн малчдын үхэр сүрэг олноор үхсэн аж. Учир нь хөрсөн дороо цэвдэг тогтож, хэдий хэвтэр сайтай байсан ч дороосоо жиндсэн үхэр хавар нь чацга алдаж үхэж байсан гэж малчид ярьж байлаа. Тиймээс цаашид голын эрэг дагуу татамд нутагладаг айл өрхүүдийг нүүлгэж, шат дараатай ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ