Орон сууцны зээлээр бонд гаргажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-11 11:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж байна. 

Хуваарийн дагуу биржийн I ангилалд бүртгэлтэй “Мик Холдинг” ХК энэ оны эхний хагас жилийн  санхүүгийн болон үйл ажиллагааны  тайлангаа хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт активын хэмжээ 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 хувиар өссөн бол "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс шалтгаалан компанийн цэвэр ашиг буурчээ.
  • “МИК Актив 22 ТЗК”, “МИК Актив 23ТЗК” ХХК нийт 2975 зээлдэгчийн орон сууцны зээлийг худалдан авч ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргав. Ингэснээр компанийн нийт багцын хэмжээ 0.7 хувь, нийт активын хэмжээ 1 хувиар тус тус нэмэгджээ. Оны сүүлийн хагаст 2 удаагийн хэлцэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Компанийн өөрийн  хөрөнгийн  хэмжээ нийт хөрөнгийнх нь 6.1 хувийг эзэлж,  нийт зээлийн  хөрөнгийн багцын хэмжээ 85.8 болон шинээр  гаргасан  “Өэлүн”  бондын хэмжээ нийт хөрөнгийн 19.2 хувийг тус тус бүрдүүлж байна. 

“Мик холдинг" ХК нь Монголын Хөрөнгийн биржийн арилжааны ТОП-20 индекст багтахын зэрэгцээ өөрийн охин компани “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК ОССК)-ийн хувьцааг эзэмшиж, удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.


Тус компани нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэх зорилготой ажиллаж байна. Компанийн тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 


Холбоотой мэдээ