Монголд тархи судлалаар мэргэшсэн 12 мэргэжилтэн байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-10 17:28:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС, Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хороотой хамтран зохион байгуулж буй “Тархи судлалын үндсэн техникүүд” олон улсын сургалт АШУҮИС-ийн төв байранд өнөөдөр эхэллээ.


Дөрвөн өдөр үргэлжлэх уг сургалт цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цахимаар болж буй бөгөөд тархи судлалын чиглэлээр мэргэшсэн гадаад, дотоодын 20 орчим эмч, судлаач оролцож мэдрэлийн үрэвсэл, стрессийн шалтгаант эмгэгүүд, мэдрэхүйн тогтолцооны дамжуулалт, эсийн өсгөвөрлөлт, хулганы тархины эдийн хөлдөөн бэхжүүлэх, зүсэлт хийх зэрэг өргөн сэдвээр хэлэлцэж байна.


Сургалтыг нээж АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон: “Тархи судлал нь мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн дүрс оношилгоо, сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл судлал зэрэг салбар шинжлэх ухааны суурь, бүх шинжлэх ухаантай холбогдож байдгаараа онцлог. Тархи судлалын шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор явуулж буй ажлуудын нэг нь энэ сургалт юм. Хойч үеийнхээ эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, мэдлэг туршлагаа солилцох зорилгоор Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн тархи судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Уг шинжлэх ухааны хөгжлийн дүнд хиймэл оюун ухаан, биотехнологи, генийн инженерчлэл зэрэг салбарууд үсрэнгүй хөгжиж байгаа” гэв.


АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор Л.Баттүвшин: “Монгол Улсад тархи судлалыг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтэн бэлдэх, албан ёсны сургалт зохион байгуулах, суурь болон эмнэл зүйн судалгаанууд явуулах зорилгоор тархи судлалын хүрээлэнг 2019 онд байгуулсан. Энэ сургалтаар хамгийн анхан шатны техникүүд, амьтныг яаж туршилтад оруулж, сэтгэлзүйн онцлог шинжүүдийг судлах, ямар өвчний загвар үүсгэж, ямар аргаар судлахыг заана. Бид одоогоор таргалалт ба температурын мэдрэхүйн чиглэлээр суурь судалгаа хийж байна. Эмнэлзүйн судалгааг хийх бэлтгэл ажлын хүрээнд стресс хэмжих багаж авсан. Стрессийг багажийн шинжилгээний аргаар нарийн шинжлэн, сэтгэцийн шинж тэмдгээр илэрч байна уу, эсвэл биеийн өвчний шинжээр илэрч байна уу гэдгийг судлах судалгааны баг бий болсон. Тархи судлалын хүрээлэн байгуулсан учраас бид залгамж халаагаа бэлдэх хэрэгтэй. Байнгын хамтын ажиллагаатай байдаг орнууд руу мэргэжилтнүүдээ явуулж байна. Монголд тархи судлалын чиглэлээр мэргэшсэн 12 мэргэжилтэн байна” хэмээв.


АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, олон улсын хурлын зохицуулагч Э.Түмэнжин “Тархи судлалд судалгааны олон үндсэн аргууд хэрэгтэй байдаг. Тэдгээрийн нэг нь эсийн өсгөвөрлөлт юм. Эсийг хүн, амьтны биеэс ялгаж аван лабораторийн орчинд өсгөж түүн дээрээ оношилгоо эмчилгээ, туршилт хийдэг. Нэг туршилтад зориулан бүхэл организм хэрэглэхийн оронд зорилтот эсүүдийг ялгаж аван хэрэглэх нь илүү үр дүнтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, судалгааны үр дүн шууд гардагаараа онцлогтой. Монголд сүүлийн жилүүдэд эсийн өсгөвөрлөлтийг хийж байна. Анагаахын судалгааны ажил асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг учир хамгийн том асуудал нь хөрөнгө оруулалтын асуудал байдаг” гэв.


Сонирхуулахад, олон улсад лабораторийн туршилтад мал, амьтныг ашиглахдаа гурван R-ийн зарчмыг баримталдаг аж. Тодруулбал, аль болох цөөн тооны амьтан ашиглах, лабораторийн орчинг сайжруулахаас гадна тухайн амьтантай зүй бусаар харьцахыг хориглодог байна. Түүнчлэн олон улсад лабораторийн туршилтад ашиглаж буй амьтныг хүндэтгэх дэлхийн өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 24-нд тэмдэглэдэг. Манай улсын хувьд лабораторийн амьтныг суурь судалгаанд ашиглахтай холбоотой ЭМЯ-ны удирдамжийг мөрддөг ч туршилтад орж буй амьтдад зориулсан хууль тогтоомж байдаггүйг Тархи судлалын хүрээлэнгийн гишүүн, БУ-ны доктор АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын Цөм лабораторийн туршилтын амьтны лабораторийн мэргэжилтэн Б.Галиндэв онцолсон юм. 


Ташрамд дурдахад, энэ сарын 14-15-нд АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгээс цахимаар зохион байгуулах “Салбар дундын тархи судлалын шинжлэх ухаан-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн 12 улсын 17 эрдэмтэн оролцох юм байна.


С.Туул

Холбоотой мэдээ